Blog

  • МОНГОЛ БИЧИГ НОМЫН ӨВ, 2017

    МОНГОЛ БИЧИГ НОМЫН ӨВ, 2017

    Зохиогч: Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар

    Үнэ: 42000₮

    Монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал: олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлэх эрдэм шинжилгээний хялбаршуулсан туурвил юм.

    Судалгаа, зураг, баримтыг сүлэлдүүлсэн, бүх насны уншигчдад зориулсан уг бүтээлийн удиртгалд монголчуудын бичиг үсгийн түүх, эртний монголчуудын бичгийн соёл; үндсэн бүлгүүдэд монгол, дөрвөлжин, али гали, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин, кирил бичиг, мөн монгол хэлээр ханз, араб, манж, төвд зэрэг үсгээр тэмдэглэсэн дурсгалуудыг тоймлон танилцуулж байна.

    Номын төгсгөлд монгол хэл, бичигт холбогдох түүхэн үйл явдлыг бүртгэсэн он дарааллын цэс хавсаргалаа. Баримт бүхэн танин мэдэх, сурч судлах, санаж сэрэх хүнд хэрэг тусаа өгөх буй заа.

  • МОНГОЛ ДАХЬ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БА ЭРЛИЙЗЖИЛ, 2017

    МОНГОЛ ДАХЬ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БА ЭРЛИЙЗЖИЛ, 2017

    Зохиогч: Урадын Э.Булаг

    Орчуулагч: В.Өлзийбаяр

    Редактор: Г.Мөнх-Эрдэнэ, Г.Баттогтох

    ISBN: 978-99973-51-32-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 282

    Жин: 476 гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 165 x 129 x 23 мм

    Үнэ: 21.000

    Хятадын Өвөр монголоос ирсэн олон монголчууд болон өөрийнхөө хичээл зүтгэл, монгол гэдэг хангалттай олон шинжтэй, “нотолгоотой” ч Монгол Улсад байнга гадуурхагдаж байсан тухай бичжээ. Түүний үзсэнээр Монгол улсын хилийн гаднах монголчууд Монгол улсад амьдрахад тулгардаг бэрхшээл бол Монголын түүхэн нийгмийн болоод аймгийн зохион байгуулалт болох бүлгийн нэрийг “ястан” гэж буруу орчуулж, үндэстэн улсын загварт халхыг гол “ястан” гээд бусад монгол бүлгүүдийг угсаатны цөөнх, эрлийз жинхэнэ монгол биш гэх зэргээр гоочлох болсоны үр дүн ажээ

  • ​“НИЙГМИЙН АЖИЛ”, 2017

    “НИЙГМИЙН АЖИЛ”, 2017

    Зохиогч: Г.Түмэннаст, М.Батбаатар нар

    Редактор: Г.Түмэннаст

    ISBN: 978-99978-58-15-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 316

    Жин: 520 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 20 мм

    Үнэ: 24.000

    Энэ сурах бичиг нь ерөнхий эрдмийн суурь хичээлийн хүрээнд тус тэнхмийн багш нараас удирдан явуулдаг “Нийгмийн ажил” хичээлийг сонгон судалж буй оюутнуудад зориулсан мэргэжлийн үндсэн асуудлуудыг багтаасан болно. Нийгмийн ажил мэргэжлийг эзэмших хүсэл сонирхолтой залууст цаашид гүнзгийрэн судлах их үүдийг нээн өгөхийн ялдамд, бусад мэргэжлийн оюутнуудад орчин үеийн нийгэм хүмүүнлэгийн тогтолцоонд өөрийн байр сууриа эзэлсэн энэхүү мэргэжлийн болон түүний тогтолцооны талаарх суурь мэдлэгийг дамжуулж чадна гэдэгт зохиогчдын зүгээс итгэж байна. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, болон хувийн хэвшил дэх нийгмийн ажлын мэргэжлийн үндсэн салбаруудад ажиллаж буй практик ажилтнуудын мэргэжлийн үйлст хувь нэмэр оруулж, хийх бүтээх урам зоригт цучил нэмээсэй хэмээн хүснэм. “Нийгмийн ажил” сурах бичиг нь нийгмийн ажлын суурь асуудлууд болох мэдлэгийн салбар, түүхэн тойм, онол арга зүй, үнэт зүйлс ба ёсзүй, мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, нийгмийн ажлын практик үйл ажиллагааны түвшин, практик үйл явц, болон нийгмийн ажлын мэргэжлийн үндсэн салбаруудын талаарх бүлгүүдийг багтаасан болно.

  • ​“МОНГОЛ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ”, 2017

    “МОНГОЛ БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ”, 2017

    Зохиогч: Д.Бум-Очир

    ISBN: 978-99978-58-24-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Жин: 210 гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 210 x 141 х 10 мм

    Үнэ: 15.000

    Энэхүү бүтээл монгол бөөгийн амьд зан үйл, ёслол хүндэтгэлийн баримт сэлтийг үндэс болгон бөөллөгийн үед тохиолдох нэгэн цул мэт үргэлжлэх дуудлагыг төрөл зүйлчлэн ангилж ялгаа салгааг нь гаргаж учир зүйд нь нийцүүлэн тайлбарласан байна. Харин түүний дараах хэсэгт зан үйл хэмээгч нь чухам юу болох тухай Евро-Америкийн эрдэмтдийн сөргөлцсөн онол саналыг монгол бөөгийн зан үйлийн жишээгээр шинжлэн үзэж өөрийн саналыг дэвшүүлжээ. Зохиогчийн дэвшүүлж байгаагаар бол аливаа өдөр тутмын үйл дадгаалжиж зан үйл болохдоо дөрвөн зэрэглэлийг дамжих бөгөөд зэрэглэл нь дээшлэх тусмаа зан үйл доторх хэл хэлмэрээс өгүүлэгчийн ухамсар санамсар нь хасагдаж, утга мэдээлэл дамжуулах хүч нь сулардаг байна. Оюут мэргэн уншигч та эндээс өнөөгийн манай нийгэмд хүчтэй сэргэж байгаа бөө болоод бөөгийн арга засал, бөөллөгийн үеийн хэл хэлмэр нь чухам юу өгүүлдгийг, тэр нь зан үйл хэмээх ухагдахуунтай хэрхэн холбогдохыг мэдэж авах болно.

    Тус бүтээлийн зохиогч доктор, профессор Дуламын Бум-Очир нь МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор юм. Тэрээр 2000 онд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Хэл бичгийн ухааны докторын (Ph.D), 2006 онд Их Британий Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимд антропологийн докторын (Ph.D) зэргийг тус тус хамгаалсан байна.

  • МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ сурах бичиг 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: хатуу хавтастай 978-99978-58-21

    зөөлөн хавтастай 978-99978-58-22-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: хатуу хавтастай 1070гр, зөөлөн хавтастай 970гр

    Хэмжээ: 249 x 174 x 14 мм

    Үнэ: хатуу хавтастай 30.000

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.

  • УРГАМАЛ СУДЛАЛ ХЭЭРИЙН ДАДЛАГА, 2017

    УРГАМАЛ СУДЛАЛ ХЭЭРИЙН ДАДЛАГА, 2017

    Зохиогч: Р.Тунгалаг, Ш.Оюунгэрэл

    Редактор: Н.Сонинхишиг

    ISBN: 978-99978-1-019-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 458

    Жин: 470 гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 205 x 145 x 20 мм

    Үнэ: 18.000

    Хээрийн нөхцөлд оюутныг шаардлагатай ном, сурах гарын авлагаар хангах боломж тааруу байдаг нь оюутан даалтын сэдвээрээ мэдээлэл цуглуулах, хийсэн ажиглалт, судалгаандаа тайлбар хийх, мэдлэгээ батжуулах, тайлангаа үндэслэл сайтай бичихэд нь хүндрэл учруулдаг. Р.Тунгалаг, Оюунгэрэл нарын зохиомжлон эмхэтгэсэн гарын авлага энэ хүндрэлийг нөхөхөд чухал ач холбогдолтой бүтээл болсон байна. Оюутанд тус гарын авлагыг хүртээмжтэй хэмжээгээр тарааж, эх сурвалжийг цөөн тоогоор хангах боломж бүрдэж байна.

  • ​СЭТГЭЦ ОНОШИЛГОО

    СЭТГЭЦ ОНОШИЛГОО, 2017

    Зохиогч: Г.Сарантуяа

    ISBN: 978-99978-0-736-6

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 312

    Жин: 690гр

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 x 176 x 22 мм

    дууссан байна

    Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар болох сэтгэц оношилгооны судлах зүйл, судалгааны аргууд, салбарууд, практик сэтгэл сэтгэл судлаачийн үйл ажиллагааны хүрээ, нийгэм-ёс зүйн зарчимуудыг багтаахын зэрэгцээгээр хүний нас, хөгжлийн хөгжлийн онцлогтой уялдуулан сэтгэц оношилгоог зохион байгуулах асуудлыг агуулсан юм. Түүнээс гадна сэтгэц оношилгоонд ихэд хэрэглэгддэг судалгааны зарим арга, аргачлалыг багтаасан юм. Энэхүү ном сэтгэл судлалын ангийн оюутнууд болон судлаачид, практик сэтгэл зүйчид, сэтгэл судлалыг сонирхогч хүн бүрт зориулагдсан болно.

  • П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

    П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай уулзаж хөөрөлдлөө.

    -“Монгол Улсын түүх” номын ерөнхий редактороор ажилласан байсан. Энэ бүтээлийн онцлог юу байв?

    -Энэ онд МУИС-ийн Түүхийн тэнхим байгуулагдсаны далан жилийн ой тохиож байгаа. Ойд зориулж МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн бичлээ. Эл сурах бичиг Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн, арван зургаан зохиогчтой бүтээл болсон. Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон. Уншигчдын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн орууллаа. Бүтээлийг бүтэн хоёр жилийн хугацаанд Түүхийн тэнхимийнхээ эрдэмтэн мэргэдийн хамт бичилцсэндээ туйлын баяртай байна.

    -Болоод өнгөрсөн түүх ер нь тийм чухал зүйл мөн үү?

    -Хүнийг хүн болгож байгаа, Монголыг Монгол болгож байгаа зүйл бол өнгөрсөн түүх. Дэлгэржаргалыг Дэлгэржаргал болгож байгаа зүйл бол яах аргагүй миний өнгөрсөн үе. Өөрийгөө ойлгож танина гэдэг маш чухал. Хэдий чинээ өөрийгөө ойлгож мэднэ төдий чинээ ирээдүйгээ тодорхойлж болохтой адил өнөөдөр байгаагаа илүү сайн ойлговол ирээдүйг тодорхойлох боломж байж байдаг.

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Монголын эртний түүх”-ийн таван боть хэвлэгдсэн. Та энэ ботиудын аль ботиуд дээр ажиллав?

    -“Монголын эртний түүх” төслийг Монгол судлалын үндэсний зөвлөлөөс дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн зардлыг гарган хэвлүүлж цагаан сарын өмнө нээлтээ хийсэн. Хүннүгээс авахуулаад Кидан гүрэн хүртэл Монголын эртний улсуудын түүхийг таван ботиор бичсэн томоохон бүтээл юм. Манай сургуулийн түүхийн болон археологи антропологийн тэнхимүүд, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн түүхч эрдэмтдийн хамтын бүтээл л дээ. Миний хувьд таван ботийн ерөнхий редактороор ажиллаж, Хүннү, Сяньби гүрэн гэсэн эхний хоёр ботийг бичсэн. “Жужань”, “Түрэг, Уйгар”, “VI-XII зууны монголчууд буюу Кидан” гэсэн таван боть байгаа.

    -Доройтож буй үндэстэн өнгөрсөн түүхээрээ бахархдаг гэсэн гутранги үзэлтэй хүмүүс ч байх юм. Бид үнэхээр мандан бадарсан түүхтэй өвөг дээдсийн үр сад атлаа өнөөдөр яагаад хөгжиж дэвжиж чадахгүй байна вэ?

    -Ард түмэн л зөвхөн түүхтэй байдаг. Тэрнээс хувь хүний түүх гэж байхгүй. Тиймээс л бид “Монголын түүх”, “Оросын түүх”, “Хятадын түүх” гэж тус тусад нь ярьдаг. Ард түмэн мөнхөд оршин тогтнодог учраас түүх тасралтгүй явж байдаг. Монгол Улс, монгол үндэстэн байгаа цагт Монголын түүх тасралтгүй үргэлжилнэ. Том улс гүрнүүд түүхэндээ яагаад ач холбогдол өгөөд байдаг вэ гэвэл үндэстнийг үндэстэн болгож байгаа зүйлийн гол цөм нь түүх юм. Үндэсний адилслыг бий болгодог юм чинь түүхэн ой санамж. Монгол Орос, Хятадаас яагаад өөр вэ гэвэл өөрийн түүхэндээ л онцлог нь байгаа. Дэлхий дээр хэдэн үндэстэн байна, тэр бүхэн өөр өөр. Өөр байгаагийн шалтгаан нь түүхэндээ л байгаа. Өнөөдөр бид баян байя, сайхан амьдаръя, эх орон юу ч биш гэж боддог болчихсон бол “Түүх юу юм бэ” гэж хэлэх байх. Үүний цаад санаа нь “Мөнгөтэй л байвал тусгаар тогтнол юу юм” гэсэн үг шүү дээ. Тусгаар тогтнол юугаараа үнэ цэнэтэй байдаг вэ гэвэл эх орныхоо эзэн байх гэсэн ганцхан л юм байгаа. Бид тусгаар тогтнолгүй бол хэн нэгний зарц боол байх тавилан л угтана. Баян байгаад боолын боол, босгоны шороо байх уу, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан байх уу” гэдгийн үнэ цэнэ тэс өөр ойлголт л доо. Эх оронтой байх, эх оронгүй хүн хоёрын ялгааг нэг бодоод үзээсэй. Тусгаар тогтнолын төлөө хүн амь насаа яагаад өргөөд байна вэ гэдэг чинь ганцхан өөрийнхөө нэг насны амьдралын төлөө бус үр хойчийнхоо л сайн сайхны төлөө юм. Бид хэтэрхий амин хувиа хичээж түүх юу юм бэ гэж нулимж болохгүй. Хөгжил дэвшлийн тухайд өөрийнхөө уламжлал дээр суурилсан зүйл л жинхэнэ хөгжил. Тэрнээс бусдыг дуурайж хуулсан хөгжил хөгжил биш. Оюун санааны боол болж байгаа л үзэгдэл юм. Бид өрнөдийг, Хятадыг, Солонгосыг дагаад явж болно. Мөн чанартаа Солонгос нь Америкийг хуулчихсан л явж байна шүү дээ. Арвангуравдугаар зуунд монголчууд дэлхийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байсан гэхээр нүүдлийн соёл, иргэншил гэдэг өөриймших содон зүйлтэй байсан хэрэг. Бусдыг дагаж хөгжинө гэдэг мотор нь өөр гүрнээс хамаарна аа л гэсэн үг. Чиргүүл хэзээ ч хөдөлгүүр, зүтгүүрийнхээ өмнө гарахгүй.

    Эцсийн дүндээ өөрийнхөө мөн чанарт тулгуурласан хөгжил л хамгийн агуу. Тийм учраас том гүрнүүд өөрийн түүхэндээ ач холбогдол өгч байна. Хятадын эрдэмтэд “Бидний гурван мянган жил бий болгосон соёлыг гучхан жилийн дотор өрнөдийн иргэншил арчаад хаячихлаа. Одоо яах вэ” гэж халаглаж байна. Манайхыг бодоход, олон мянган жилийн түүхтэй, тэрбум гаруй хүн амтай том айл өрнөдийн иргэншлээс айгаад, санаа зовоод сууж байхад бид юм бодохгүй л бол болохгүй.

    -Чингис хаан болоод тэдний үр сад дэлхийн наран ургахаас жаргах хүртэл өргөн уудам газар нутгийг эрхшээхдээ Монголын хамгийн сор болсон хэсгийг аваад аян дайнд явчихсан, арга чарга хайсан арчаагүй залхуучууд нь монгол голомтод үлдсэн учраас өнөөгийн Монгол Улс олигтой хөгжихгүй байна гэж үзэх хэсэг байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

    -Дэлхий даян монголчуудыг оюуны чадамж өндөр ард түмэн гэдэгт итгэж, одоо ч тусалж дэмжиж байгаа. Тийм агуу түүхтэй ард түмний үр садад жаахан туслаад өгвөл өөрөө өөрсдийгөө аваад явчихна гэж харж байна шүү дээ. Аян дайнаар Монголын оюунлаг, бие бялдар төгс төгөлдөр хэсгийнхэн гадагшаа явсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны алтан ургийн гол цөм нь Монголдоо үлдсэн. Алтан ургийнхны гол цөм чинь Тулуйн үр сад их хаан Мөнх, Хубилайн үр сад шүү дээ. Хубилайн үр сад гэхэд Бээжинд төвлөн сууж байгаад Тогоонтөмөр хааны үед Монголдоо ирсэн. Хэдийгээр Манжийн дарлалд орсон ч гэсэн хорьдугаар зууны эхэн үе хүртэл Чингисийн алтан ургийнхан л Монголыг захираад байж байсан. Алтан ураг гэдэг чинь дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Манжууд хүртэл Чингисийн алтан урагтай л холбоотой байхыг эрмэлзэж байсан. Тиймээс Монголын хамаг шаар шавхруу нь л төрөлх нутагтаа үлдчихсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Агуу түүхийг бүтээсний хойно бууран доройтохоор тэгж бодох хүмүүс байдаг байж магадгүй л дээ. Агуу эзэнт гүрэн байгуулж байсан ард түмэн үргэлжийн мандан бадралын мөчлөгтөө байгаад байх нь дэлхийн түүхэнд ховор. Хэрвээ тийм байсан бол аль нэг эзэнт гүрэн дэлхийд хэдэн мянган жил ноёрхоод байж байна. ЗХУ гэж ямар хүчтэй гүрэн байлаа. Байж л байх юм шиг л санагддаг байсан. Далхан жил оршин тогтноод задарч бутраа биз дээ. АНУ одоо мундаг байна л гэж байна. Гэтэл мандан бадралынх нь үе төгсөх гэж байна гээд байгаа. Энэ хоёр гүрний хувьд гэхэд л зуугаадхан жилийн л түүх яригдаж байна. Тэгэхэд монголчууд XIII-XIV зуун гээд дэлхийн түүхийн бүтэн хоёр зуун жилийг дамнан эрхшээнэ гэдэг хэр баргийн ард түмний чадахгүй, чадаагүй зүйл. Хүчирхэг гүрэн мандан бадарч, задарч бутардаг нь түүхэн хөгжлийн зүй тогтол. Эртний Грек, Ром, Египетийн иргэншил чинь одоо үндсэндээ мөхсөн. Харин монголчууд энэ олон зуун жилд төр ёсныхоо уламжлалыг хадгалаад өдий зэрэгтэй яваа чинь бидний үндэсний бахархал.

    -Грек, Ром, Египет гээд эртний их гүрнүүд одоо ч оршин тогтносоор байгаа биз дээ. Тэгэхэд дэлхийн түүхийн магнайд бичигдэж явсан монголчууд шиг газар нутгийн хувьд ч давжаарсан, хөгжлийн хувьд хоцрогдсон ард түмэн байхгүй байх шиг?

    -Тэр их гүрнүүдийг залгамжилсан улс байхгүй, үндсэндээ байхгүй болтлоо мөхсөн. Египет улс гэхэд л египетүүд биш арабууд байж байна. Ромын эзэнт гүрний суурин дээр гэхэд цоо шинэ иргэншил үүссэн. Дэлхийн түүхийг тодорхойлж байсан иргэншлүүд тухайн үндэстэндээ үлдсэн гэхэд хэцүү. Монголчуудын иргэншил бол өөр үндэстэнтэй холилдоогүй үлдсэн. Ромыг өнөөгийн итали гэж ойлгож болохгүй. Ром гэж хотын нэр л үлдсэн.

    -Монголчууд эв эе хагаралдсан үедээ бусдын зууш болж байсан гашуун түүх элбэг. Энэ их хагарлын үүдийг Чингис хаан, Хасар гэсэн нэгэн хэвлийгээс төрсөн ахан дүүстэй ч холбох нь байна. Одоо бүр хэрээс хэтрээд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрыг харилцан буруутгаж, халх, ойрадаараа талцах боллоо?

    -Улс төрийн эцсийн зорилго нь эрх мэдэлд хүрэх зам. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа тохиолдолд зөрчил мөргөлдөөн зайлшгүй байдаг. Аль ч улс орон нэгдсэн цагтаа хүчирхэгждэг, хагаралдсан үедээ бууран доройтдог. Энэ бол түүхэн зүй тогтол. Хятадад ч, Монголын түүхэнд ч ийм үе байсан. Зөвхөн монголчууд л хоорондоо тэмцэлдээд хагаралдаад байсан юм биш. Монголчууд гадны улс орныг бас хооронд нь тэмцэлдүүлж байгаад эзлээд авч байсан тохиолдол олон. Ноёдыг нь хооронд нь хагалган бутаргах чинь Монголын эзэнт гүрний том бодлого байлаа. Хэдий чинээ том бодлого явуулж байна тэр гүрэн төдий чинээ том. Үүнийг л империйн бодлого буюу империализм гээд байгаа шүү дээ. Эзэнт гүрний бодлого бусдын дотоод хэрэгт хүртэл оролцож байна. Гегелийн “Агуу хүн агуу зорилготой байдаг, өчүүхэн хүн өчүүхэн зорилготой байдаг” гэсэн нэг үг байдаг. Өнөөдөр манай хувьд гадаадад бүү хэл дотооддоо хагаралтай бодлоготой болчихсон. Манай эзэн хаан Чингис дэлхийн бодлоготой агуу хүн байж. Гэтэл өнөөдөр авлига, хээл хахууль ихэслээ гээд шуугиад байгаа биз дээ. Чингис хаан шиг, Наполеон шиг дэлхийн бодлоготнуудыг өнөөгийнхөөр бол “Манайхыг битгий эзлээрэй” гээд хэдэн доллараар худалдаад авчихна байна шүү дээ. Агуу зорилготой хүмүүс хэзээ ч худалдагдахгүй л дээ.

    Өдрийн сонин, 2017/05/17

    Л.Батцэнгэл