Ангилал: хэвлэлийн-газрын-ном

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    Зохиогч: Б.Алтангүл, Б.Арьяажав, Ц.Баттулга, Р.Батсүрэн, Д.Баярсайхан, С.Булгантамир, С.Дэмбэрэл, Б.Дэмбэрэлмаа, Д.Майсүлд, Л.Солонго, Д.Ундрах, Б.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэнаран, Д.Энхжаргал, Г.Эрдэнэчимэг

    Редактор: Д.Баярсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-29-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 460
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 47.100

         

    Хүн төрөлхтний  бүтээн бий болгож, хувирган өөрчилж, устгаж мөхөөсөн олон соёл иргэншлүүд нь дэлхийн түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ. Соёл иргэншлийг  ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи зэрэг олон ойлголтын цогц нийлэмж ч гэж үзэж болно..

        Өрнө дорнын их сургуулиудад баримталдаг жишгийн дагуу хийгээд түүхийн он цагийн хэлхээг баримтлан, соёл иргэншлийн үечлэлийг үндэслэн бичсэн энэхүү сурах бичигт “соёл иргэншил” (civilization) хэмээх ойлголтыг хамгийн өргөн, түгээмэл агуулгаар буюу тодорхой нийгэм, соёлын олонлогийн бүтээж бий болгосон, хүн төрөлхтний биет болон биет бус соёлын өв санд хувь нэмэр оруулсан ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, шинжлэх ухааны мэдлэг зэрэг оюуны болон эдийн соёлын бүрдлийг хамтатган багтааж өгүүлэхийг зорилоо.

  • “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    Зохиогч: Д.Сайнбилигт, Б.Мөнгөнцэцэг, Л.Солонго, Г.Бат-Учрал, Б.Анхбаяр, М.Чаминцэцэг

    Редактор: Д.Сайнбилигт

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-28-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 471

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 33.000

    Хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, мөн чанарыг хэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хүн хаана ямар ч нөхцөлд, хэдүүлээ ч байсан хоорондоо хэл авалцан ойлголцож, харилцаж чадна. Энэ гайхалтай чадварыг бид хэрхэн эзэмшиж, уламжлан дамжуулдаг вэ? Хэл яриа хүний хөгжилд ямар нөлөөтэй вэ? Бид хэлгүй байсан бол ямар байдалтай байх бол? гэх мэт олон асуулт хариултаа нэхсээр, эрдэмтэн судлаачид эдгээр асуултын заримд нь тодорхой хэмжээнд хариулт өгсөөр байна.

    Энэхүү сурах бичигт бихевиоризм, нативист онол, когнитивизм, конструктивизмын онол чиглэлийн хүрээнд хэл шинжлэл, тархи мэдрэл судлал, боловсрол сэтгэл судлал, нийгэм соёл, цахим оюун зэрэг олон салбар шинжлэх ухааны уулзварт хэл эзэмшихүйн холбогдох онол арга зүйг тайлбарлан таниулахын зэрэгцээ, бүлэг тус бүрийн төгсгөлд тухайн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн асуулт, үг хэллэг, нэмэлт унших хэрэглэгдэхүүнийг шигтгэж өгснөөр хувиар болон баг хамт олноороо гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүллээ. 

    Та бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр дамжуулан эх хэл болон хоёрдогч хэл сурч эзэмших нарийн төвөгтэй үйлийн учрыг олж хужрыг тунгаан, “Хэл эзэмшихүй” бол бие хүний оюун тархи хийгээд төлөвшлийн суурь, хөгжлийн түлхүүр, харилцааны гол хөдөлгөгч хүч, өөрийгөө болон өрөөлийг танин мэдэх чухал хэрэглүүр гэдгийг ухаарч, хэлэнд улам шамдан суралцах арга ухаанаа олно хэмээн найднам.  

  • МОНГОЛ-ХЯТАДЫН СОЦИАЛИСТ НАЙРАМДЛЫН МАНДАЛ, БУУРЛЫН ТҮҮХ, 2019

    Монгол-Хятадын социалист найрамдлын мандал, буурлын түүх (БНМАУ-БНХАУ-ын 1949-1964 оны худалдаа, тээвэр, ажиллах хүч, зээл, тусламжийн харилцаанд хийсэн судалгаа)

    Зохиогч: Н.Алтантөгс

    Редактор: Н.Ганбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99978-58-76-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 218
    Хэмжээ: Хатуу хавтастай, 148*210

    Үнэ: 20.000

    Түүхийн ухааны доктор Н.Алтантөгсийн бичсэн энэхүү нэгэн сэдэвт судалгааны бүтээл нь түүний 2017 онд БНХАУ-ын Жилинь их сургуулийн Хятадын шинэ түүхийн тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан диссертацид үндэслэсэн бөгөөд 1949-1964 оны хооронд БНМАУ, БНХАУ-ын харилцаа ЗХУ-ын манлайлал, нөлөөллийн хүрээнд эдийн засгийн талаар хэрхэн хөгжиж, улмаар саарч тасалдсаныг зураглан өгүүлжээ. Уг бүтээлийн онцлог нь Монгол улсын эдийн засгийн гадаад орчин, нөхцөл манай умард ба өмнөд хөршүүдийн хоорондын улс төрийн харилцаанаас хэрхэн хамаарч, өөрчлөгдөж байдгийг тодорхой харуулсанд оршино.