Ангилал: муис-ийн-мэдээ

  • Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.



    Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ
    ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
    БОЛЛОО.

    Үг, утга, жишээ, тайлбар, хавсралт
    тэргүүтнийг нэмж хянасан Ц. Шагдарсүрэн  

     1966
    онд анх нийтийн хүртээл болсон Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар
    толь” 
    нь одоо нэн ховордсон ч эрэлт хэрэгцээ нь буураагүй тул нэмж
    дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг нь 47 жилийн дараа толилуулж байна. Үүнд: уг
    толийн толгой үгийн салаа утга, жишээ зэргийг дэлгэрүүлж монгол хэлний сүүлийн
    үеийн судалгааны үр дүнг зохих хэмжээгээр тусгаснаас гадна монгол хэлний уугуул
    үг, хэллэгийг монгол түүхэн сурвалж бичиг, аман зохиол, зохиолчдын бүтээл
    тэргүүтнээс сорлон авч товч толийн хэмжээнд нэмсэн болно.

    Бас
    орчин цагийн тользүйн шаардлагаар олон нийтийн монгол хэлний боловсролд хэрэг
    болно гэж үзсэн зарим үгийн бүтэц, гарал, уугуул болон шинэ утга зэргийг “хэл-
    тогтолцоо”
     гэдэг зарчимыг баримтлан нэмж тайлбарлахыг чармайж, монгол
    хэлний зүй хийгээд монголчуудын түүх, соёлд шууд болон дам холбогдох он тооллын
    хэрэглэгдэхүүн зэргийг хавсралтаар толилуулав. Мөн олон нийтийн боловсрол,
    мэдлэгт хэрэг болно хэмээж “Монгол толь зүйн уламжлалын товч” хэмээх
    түүхэн тойм өгүүлэлийг хавсаргасан болно.

    Цагийн
    эрхээр анхны хэвлэлд толгой үгийн адагт орж байсан монгол бичгийн хэлбэрийг
    тухайн үгийн ар ард нь оруулж олон улсад нийтлэг хэрэглэгддэг, эрдэм шинжилгээ
    болон практик ач холбогдолтой монгол бичгийн хэлний латин галигийг үг тус бүрт
    нэмэн дагалдуулжээ.

  • “Миний ном” худалдаанд гарлаа.

    Хүүхдийн зохиолч А.Найгалмаа 1-3 насныханд зориулсан “Миний ном” хэмээх бие даасан бүтээлээ хэвлүүлжээ. Номдоо бага насны хүүхдийн хэл ярианы онцлогийг харгалзан, цээжлэхэд хялбар үг хэллэгтэй шүлгүүд оруулсан байна.

    “Мэлхий”, “Сармагчин”, “Гар, хөл хоёр”, “Зүг чиг”, “Цасны ус” тэргүүтэй шүлэг тус бүрийг өгүүлэмжийнх нь дагуу хөгжилтэй зургаар чимэглэсэн бөгөөд тэгэхдээ бяцхан үрсэд хор нөлөөгүй хүнсний будаг ашиглажээ. Гарын алганы дайтай энэхүү бяцхан ном нь амархан урагдахгүй зузаан хуудас, цэвэрлэхэд хялбар гөлгөр гадаргуутай, хурц өнцөггүй учраас хүүхэд амандаа хийсэн ч буйлыг нь гэмтээхгүй зэрэг онцлогтой аж.

  • Хаслундын ХҮҮ АРСЛАН МОНГОЛД ҮЛДСЭН

    Хэл судлаач Б.Баярсайхан “Travel classic books” нэртэй цувралыг орчуулан хэвлүүлжээ. Адал явдалт, аяллын номын анхных нь “Явна аа”. Энэ номыг Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хенниг Хаслунд-Кристенсен бичжээ. Судалгааны багийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920- иод оны эхээр буурь засаж мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан түүний тэмдэглэлээс монголчуудын нэгэн үеийн түүхийг мэдэж болно. Хоёр дахь ном нь Германы адал явдал эрэгч Эдгар фон Хартманы “Монголын түүхт жингийн их замаар” юм.

    Мөн л өнгөрсөн зууны хориод оны үед тэмээн жингийн цуваа дагаж, Ховдын хязгаараар нэвтэрч, Ховд, Улиастайгаар дайран Сэлэнгэ мөрөнг дагаж явсаар Хиагтаар гарч явсан аялагчийн тэмдэглэл аж. Гурав дахь ном болох Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хединий “Азийн их цөлийн дундуур” ном нь тун удахгүй хэвлэгдэх гэж байгаа билээ. Энэ жилдээ багтааж Монголын газар нутгаар аялсан хүмүүсийн сонирхолтой таван цуврал номыг орчуулан хүргэхээр төлөвлөсөн орчуулагч Б.Баярсайханы яриа болон эдгээр номын товч агуулгыг хүргэе.

    “Явна аа”

    Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хеннинг Хаслунд-Кристенсен 1923 онд Карл Кребс ахлагчтай Данийн судалгаа шинжилгээний багийн хамт Монголд ирж, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган талд фермерийн аж ахуй байгуулж, мал аж ахуй, газар тариалан, ангийн үслэг арьсны наймаа эрхэлж байв. Уг багийн анхны гишүүн нь Карл Кребс (ахлагч), Ове Кребс, Таге Биркк, Эрик Изагер, Боргстрөм болон Хаслунд-Кристенсен нар юм. К.Кребс, Т.Биркк, Боргстрөм, Хаслунд дөрөв түрүүлж ирж, хойноос нь Э.Изагер, О.Кребс нар Булган тал дахь “Эгийн суурин”-д очсон байдаг. Тэд нутгийн монгол айлуудаас үхэр, адуу, хонь худалдан авч богино хугацаанд мал сүрэгтэй болж, монгол малчдыг хөлсөөр ажиллуулдаг байв. Америк, Канадаас хүйтэн бүсийн хүнсний ногоо, тарианы үр авчран тарьж, услалтын усан хүрдээр ногооны газраа усалж, газар тариалангийн үндсээ тавьсан байдаг. Тэд өвлийн цагт хөвч тайгын анчдаас хэрэм, үнэг, булганы арьсыг бараа таваараар арилжин авч, түүнийгээ Өргөөд авчирч өрнөдийн пүүсүүдэд нийлүүлж мөнгө болгоно.

    “Монголын түүхт жингийн их замаар”

    XIX зууны эцэс, XX зууны эхээр Төв Азийг, түүний дотор Монгол орныг өрнөдийнхөн сонирхож, газарзүйч, эртний судлаач, угсаатан ба хэл, соёл судлаач хийгээд шашны сурталч, адал явдал хайгчид хэрэх болсон билээ. Тэдэнд энэ бүс нутгийн талаарх газармзүйн мэдлэг, хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байсан учраас ийн хошуурч байсан биз. Тэдний нэг болох Германы адал явдал эрэгч Эдгар фон Хартман өнгөрсөн зууны хориод оны үед тэмээн жингийн цуваа дагаж, Ховдын хязгаараар нэвтэрч, Ховд, Улиастайгаар дайран Сэлэнгэ мөрөнг дагаж явсаар Хиагтаар гарч явжээ. Энэ аян замын тэмдэглэлээс тэр үеийн жинчдийн ахуй амьдрал, ажил төрөл болон ер нь Монгол орны байдлын талаар өнөөгийн бидэнд сонин содон олон зүйлийг мэдэж авах боломжтой. Түүхийн гэрч бөгөөд хөндлөнгийн хүний нүдэнд Монгол орон, монголчууд яаж харагдав, байгаль цаг уурын нөхцөл байдал ямар байв зэрэг нь бидний анхаарал татах сэдвүүд яах аргагүй мөн.

    “Азийн их цөлийн дундуур”

    “Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралын гурав дахь ном нь Шведийн алдарч аялагч, судлаач Свен Хединий “Азийн их цөлийн дундуур” юм. Түүний Такламаканы их цөлийг туулах анхны оролдлого нь бүтэлгүйтэж, нутгийн хөтчүүд болон тэмээ нь усгүй харангатан жингийн хөсгөө тэр чигээр нь алдаж, гурвуулханаа азаар эсэн мэнд гардаг тухай энэ номд өгүүлнэ.

    Б.Баярсайхан: Бичгийн соёлтой ард түмэн бидний түүхийг ийн тэмдэглэн үлдээжээ

    -Та яагаад “Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралыг эрхлэн нийтлэхээр болсон бэ?

    – Би Монголоор аялсан өрнөдийн аялагчдын тэмдэглэлийг сонирхон унших дуртай. Чингис хааны байлдан дагууллын үед монголчуудыг европчууд мэддэг байсан ч түүнээс хойших хэдэн зуунд бидний тухай мэдээлэл юу ч үгүй байсан. Тиймээс XYIII зуунаас эхэлсэн эх дэлхийгээ танин мэдэх нээлтийн үед зарим аялагч Төв Азийг сонирхож эхэлжээ. Ингээд XIX зууны эцэс болон XX зууны эхээр Монголд ирсэн өрнөдийн аялагчид эдгээр номыг бичсэн аж.

    Монголчууд бид аман соёлын уламжлалтай учраас тухайн үеийн түүхийг өгүүлэх бодит гэрэл зураг, тэмдэглэл нэн ховор. Харин тэдгээр аялагч замын турш авсан гэрэл зургаа номондоо оруулсан байсан. Нэгэн үе уншигчид хэрхэн баяжих нууц, хөөрхөн болох тухай зэрэг ид шидийн гэмээр номыг сонирхон авдаг байсан. Харин одоо монголчууд өөрсдийгөө танин мэдэхийг илүүд үзэж байна. Тиймээс харийн хүний нүдээр бидний өвөг дээдсийн амьдрал хэрхэн өрнөж байсныг эдгээр номд өгүүлэх юм.

    -Энэ номд байгаа газар орон болон ургамлын нэрийг тусгайлан тайлбарласан байсан. Тэгэхийн тулд та багагүй судалгаа хийсэн үү?

    -Уран зохиол биш бодит түүх учраас тухайн хэсгийг тайлбарлан хүргэвэл уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу гэж бодсон юм. Ерөөс иймэрхүү түүхэн тэмдэглэлийг хэт эдүгээчилж орчуулж болдоггүй. “Явна аа” номонд “мухар тэрэг” гэж гарч байгаа. Монголчууд үхэр болон морин тэргийг мэддэг байхад зүтгүүртэй өөрөө явдаг тээврийн хэрэгсэл орж ирсэн нь тухайн үедээ сонин байсан байгаа юм. Тиймээс морь эсвэл үхрээр чирүүлдэггүй энэ унааг “мухар тэрэг” хэмээн нэрлэдэг байжээ. Бас жингийн цувааны тэмээний хэвтэш зурайн харагдана гэж зохиогч нь бичсэн байгаа. Энэ хэвтэшийг цунж гэдэг аж. Түүнийг нь орчуулагч хүн олж мэдээд, уншигчиддаа тайлбарлан хэлэх учиртай. Мөн Өргөө рүү орж ирээд шовгор малгайтай лам хүнтэй таарсан гэж бичсэн байгаа юм. Түүнийг шовгор малгай биш овоодой гэх учиртай.

    -“Явна аа” номын зохиогч нь тухайн цаг үеийг тун сайхан дүрсэлсэн байсан. Бас Монголд нэлээд элэгтэй хүн байсан юм шиг ээ?

    -Монголчуудын зан заншлыг маш сайн ойлгодог, танин мэдэх гэж хичээсэн, Монголд элэгтэй хүн байсныг нь энэ номыг уншсаныхаа дараа ойлгоно. Хаслунд 1927 онд Монголоос явахдаа замдаа монгол айлд бууж хавтгай шаазан аяганд цай уугаад, өндөрлөг газарт зогсон эргэж хараад явсан тухайгаа бичсэн байгаа. Тэгээд Хятадад очоод машинаас буухдаа баруун гарынхаа бугуйнаас ташуураа аваагүй явснаа мэдсэн гэдэг.

    -Энэ номнууд анх хэвлэгдсэн даруйдаа нэлээд шуугиан дэгдээж байсан гэв үү?

    -1930-аад онд эдгээр ном хэвлэгдэж байсан ба нэлээд шуугиан дэгдээж байсан нь үнэн. Би анхны хувийг нь олж орчуулсан юм. Тэр ч бүү хэл Хаслунд болон түүнтэй хамт ирсэн даничуудын үр удам нь одоо ч гэсэн монголчуудтай холбоотой байдаг юм билээ. Хаслундын хүү Серн Хаслунд Дани дахь Монголын өргөмжит консул. Хаслундын ач охин нь жил бүр жуулчны баг бүрдүүлээд Хөвгөлийн Эрдэнэбулганд очдог гэсэн. Багийн ахлагч доктор Кребсийн үр удмынхан бас Хөвсгөлд ирж байсан юм билээ. Энэ номыг уншсаныхаа дараа түүхийг нь үргэлжлүүлэн мэдмээр санагдсан. Тухайлбал Хаслунд энд байхдаа Арслан гэдэг хүүтэй болж байгаа юм. Тэр хүүгийн хувь заяа хэрхсэн бол. Мөн тэр даничуудад үйлчлэн, ажиллаж байсан хүмүүсийг эрж сурсаар нэг хүнийг олсон. Аюуш гэж хөгшин байгаа. Тухайн үед Хаслундын багийнхан Америкийн хамгийн сүүлийн үеийн газар тариалангийн багаж зэвсэгийг Монголд авчирсан байдаг. Зарим нь одоо ч Эрдэнэбулганы айлуудад бий. Тэрийг нь үр хүүхдүүд нь эргүүлэн авахыг хүссэн гэсэн. Тэр багаж хэрэгслийг аваад явахаас нь өмнө очиж зургийг нь авмаар байна.

    Ж.Солонго

  • НОМЫН АЯЛАЛД ГАРЦГААЯ

    “Номын баяр – 2013” хөтөлбөр


    Хугацаа: 2013 оны 09 дүгээр сарын 21, 22 -ны өдөр
    Хаана: Монгол Улсын Үндэсний номын сан
    Хүүхдийн номын ордон

    Улаанбаатар бизнес хөгжлийн төв

    Уриа: Номын аялалд гарцгаая



    09 дүгээр сарын 21. Бямба гараг

    10.00-10.30 Нээлтийн ёслолын үйл ажиллагаа
    Үндэсний номын сан
    10.30-16.30 “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн
    Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”
    10.30-11.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    11.30-17.30 www.book.mn нээлт
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    11.30-12.30 “EBSCO”, “Springer” хэвлэлийн газруудын танилцуулга, сургалт
    Хүүхдийн номын ордон Герман уншлагын танхим
    12.00-14.00 “Номын ач тус” онол практикийн бага хурал
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    14.0-17.00 “Цаас ба хэвлэлийн технологи” танилцуулга сурталчилгаа
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    14.00 -17.00 “Тэргүүний уншигчдын өдөрлөг”
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    14.00-16.00 Шинэ номын сурталчилгаа: нээлттэй микрофон
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    15.30-17.00 “Шидэт номын найзууд” зохиолын дүрийн тоглолт
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    16.00-17.10 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    16.30-18.00 “Ярьдаг ном”: харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээний танилцуулга
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    10.30-18.00 “Дугуйтай уншлага”, “Богцтой уншлага”, “Зөөврийн уншлага”
    үйлчилгээ – Үндэсний номын сан



    9 дугаар сарын 22 өдөр. Ням гараг


    10.30-11.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    10:00-11.30 Гадаадын номын сангуудын туршлага –сургалт
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    11.00-17.0 Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    11.00-17.0 “Номын хавтас, дизайн” танилцуулга сурталчилгаа
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    12.00-13.00 “Шидэт номын найзууд” зохиолын дүрийн тоглолт
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    11.30-13.30 Хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    14.00-17.00 “Цахим ном”-ын танилцуулга сурталчилгаа
    Улаанбаатар бизнес хөгжлийн төв
    15.00-17.00 Уран үгсийн чуулган: Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эзэд
    Үндэсний номын сан

    15.00-16.30 “Номын эмч” сургалт
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    16.00-16.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
    Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
    16.00-17.30 “MONBIBLIO” сургалт
    Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
    17.30-18.00 Хаалтын үйл ажиллагаа




    9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд

    Үндэсний номын сан:
    – “Үнэт ховор номын музей”

    – “Уран үгсийн чуулган”
    – Монголчуудын номын өв соёл
    – Зөөврийн номын сангийн үйлчилгээ

    Хүүхдийн номын ордон:
    – “Ном” хөтөлбөр – үзэсгэлэн

    – “Хүүхэд бүр уншигч” аян – үзэсгэлэн
    – Баянхонгор аймгийн “Ном эрдэм” аян – үзэсгэлэн

    Улаанбаатар бизнес хөгжлийн төв:
    – Номын үзэсгэлэн худалдаа
    – Номын хандив цуглуулах ажиллагаа
    – Шинэ ном, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, нээлт
    – Зохиолчдын гарын үсэгтэй худалдаа
    – Номон шагналын сантай тэмцээн уралдаан

  • “МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” ГУРВАН БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

         

    Ардын Уран Зохиолч, Монгол Улсын Соёлын
    Гавьяат Зүтгэлтэн Тангадын Галсангийн “МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” гурван боть
    номын нээлтийг МУИС-ийн МСХ, МУИС ПРЕСС хэвлэлийн газар, Монгол Бичгийг Сэргээх
    Үндэсний сан хамтран 2013 оны 04-р сарын 13-нд МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд
    зохион байгууллаа. Номын баярт хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрдэмтэн
    мэргэд, зохиолч, яруу найрагчид болон төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо

    ТАВИН
    ЖИЛ ТҮҮСЭН ТАНСАГ БАЛ”-ЫН УЧИР

                Олдой
    миний бие 1957 онд МУИС-ийн оюуны эрдэмшинжилгээний хуралд “Ертөнцийн гурав”
    гэдэг илтгэл тавьснаас хойш жараад жил өнгөрчээ.

                Ардын
    аман билиг, түүний дотор “Ертөнцийн гурав”-ыг цуглуулан тэмдэглэж эхэлсэнээс
    хойш 70-аад жил өнгөрөв.

                “Ертөнцийн
    гурав” гэсний учир нь Монгол ёс, шүтлэгтэй холбоотой. Бөө мөргөлд гурвын тоо
    чухал үүрэгтэй. Одоо ч олны хүчийг нэгтгэх, хүндийг өргөхөд 3 тоог давтан
    түрхэрдэг.

                Бас
    эрт цагаас Монголчууд “Гурван цаг”-ийг тоолж, “Эрийн гурван наадам” хийж,
    “Гурван дугараа” өргөж, “Гурван ертөнц”-өөр аялж иржээ.

    Монгол Улсын Ардын уран
    зохиолч,

    Монгол Улсын Соёлын
    гавьяат зүтгэлтэн Тангадын ГАЛСАН

    АРД МОНГОЛЫНХОО ЦЭЭЖ ИХ
    СОЁЛЫН

    АВДАРТАЙ ЭРДЭНЭСИЙН
    ТҮЛХҮҮР БАРИГЧ

                …“Монгол
    ертөнц” бол өөр бусдын хорвоод давтагдаагүй өвөрмөц ертөнц. Энэхүү сонин,
    гайхамшигтай ертөнцийн гол амин сүнсийг гурвалын онолоор монголчууд өөрснөө
    тодорхойлсон юм. Монголчууд “тулгын гурван чулуу” гэж ярьдаг нь бас гурван
    тулгуур дээр гал голомтоо төвлөрүүлдэг нь үндэсний сэтгэлгээ, үндэсний ахуйн өвөрмөц
    онцлог юм. Үүн шигээ ертөнцийн хууль, хүний хүмүүнлэгийн журам, хүн байгаль
    хоёрын зохицолдооны гүн ухааныг гурвалсан мөртэй мэргэн үгээрээ монголын ард
    түмэн тодорхойлж тэрхүү “аман хуулиа” цээжиндээ тээсээр ирсэн болой.

    Тангадын Галсан бол “Ард Монголынхоо
    цээж их соёлын авдартай эрдэнэсийн түлхүүр баригч” гэхээс аргагүй. Тэрхүү
    түлхүүрээ “Монголын ертөнцийн гурав” номоор дархлаж өнөө болон ирээдүйн уншигч
    нартаа хоёр гардан, гурав нахилзан барилаа. Эцэг өвгөдийнхөө эрдэнэсийн авдрыг
    түлхүүрдэн нээцгээгтүн!

    Доктор Лодонгийн ТҮДЭВ

    ГАЛ САН БУЮУ САЙН ХУВЬТ ИХ
    БИЧГИЙН ХҮН

     

    Ардын уран зохиолчийн ариглаж цуглуулж эмхлэн ая
    данг нь тааруулсан ертөнцийн гурав бол аман зохиолын ертөнцийн гурвын араас
    гарч буй охьшсон ундарга нь болой. Амьтан хүн ном уншуулья гэж өгч  байсан ч авдараар нь авч ирээд тавьж байсан
    нь ховор. Харин өөрийн нь бичсэнээр “өлмий доороо нумтай, өсгий дороо сумтай
    өөлд” өвгөн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
    аавын маань “ангийн хүүхэд” өчүүхэн надаар номоо уншуулахаар өрөө дүүрэн номын
    дардас хүргүүлж ирсэнд  цочирдсон боловч
    аймшиггүй зоригоор а-гаас нь я-г нь дуустал анхааралтай шимтэн уншлаа. Үе, үг
    бүрийг өөлж, үгүүлбэр цогцолбор бүрийг үрж зүйж, сүлждэг өөлд өвгөний номоос
    утга уянгын байтугай, үг найруулгын өө эрэх нь өндөгнөөс яс эрэхтэй эгээ адил
    эндүүрэл билээ.

         Тангадын Галсан гуай бол гагцхан гаднаасаа
    эрдмийг чихэж чихүүлж суудаг ГАН САВ биш, дотроосоо эрдэм, эрдэнэ хоёрыг
    хослуулан ундруулж байдаг ГАЛ САНГ буюу САЙН ХУВЬТ их бичгийн хүн билээ.
    Ертөнцийн гурвыг уйгагүй цуглуулж “Монгол түмэн маань ердөө гуравхан мөрөнд
    ертөнц даяханыг багтаачих увдистай” хэмээн омогшиж суугаа түүгээр Даяар Монгол
    цугаар бахархаж дараа дараагийн номыг нь хүлээн сууна.

    Номын гэгээн
    буян зүг зүгтээ цацран дэлгэрэх болтугай, хурай хурай хурай.

    Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Sc.Dr),
    профессор Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ

    ҮР ХОЙЧИСТОО “ГУРВАНТАА”
    УНШИЖ ӨГӨХ БОЛТУГАЙ.

    “Ертөнцийн
    гурав” нь хүмүүний амьдралтай мөнхөд нөхцөлдөн агч сайн муу, сайхан муухай,
    мөнх, мөнх бус, жам ёсны орчилт хүрээг зөв ухааран ойлгох, байгаль дэлхий, хүн
    зоны аж төрөхүй ёсны хамгийн ерөнхий хууль зүйг зөв танин мэдүүлж, улмаар
    ухаалаг, эв найртай аж төрөхөд нь туслах сэтгэлзүйн шинжтэй агуулга, оновчтой
    илэрхийлсэн уран санаа түүний бүтцэд шингэсэн байдаг.

    Т.Галсан
    абугайн сурвалжлан цуглуулсан таван боть, язгуур болон хувилбарт түмэн
    “ертөнцийн гурав” бол гурван улсын хилийн наана цаана орших таван хэсэг
    монголчуудын аман зохиол судлагч эрдэмтэд хийгээд эрдэм шинжилгээний
    хүрээлэнгүүд, их дээд сургуулийн мэргэжлийн тэнхимүүд ч гүйцэлдүүлж чадаагүй
    байгаа их ажлыг ганцаар нугалж өгсөн нь баярлавч баршгүй. Эрдэмт мэргэдэд маань
    судлах үүрэг л ноогдлоо доо.

    Хэлбичгийн
    Шинжлэх ухааны доктор Дашлхүмбийн ГАЛБААТАР 

     

    ЭРСЭН
    БОЛГОН ОЛООГҮЙ ЭРДЭНЭСИЙН САНГ ОЛЖЭЭ

     

    Арлын уран
    зохиолч Т.Галсан амьдралын эрээн бараан дундаас Равжаа хутугт шиг “Ертөнц
    авхай”-г танин мэдэхийг хүсэхдээ ардын билиг сургаалаас атга чимхээр
    цуглуулсаар, амтанд нь орж улмаар эл төрлийг дагнасан нэгэн иж цомирлог
    бүтээсэн нь санамсаргүй зүйл биш.

    Бид “Монгол
    ардын аман зохиолын дээж бичиг”-т ертөнцийн гурваас ердөө тавь гаруйхныг
    сорчлон авч оруулсан бол: Т.Галсан зохиогч үүнээс зуу дахин олон буюу таван
    мянга гаруйг цуглуулсан нь эл төрөл зүйлийн баян, энэ хүний хичээл зүтгэл
    хоёрын аль алиныг нь илтгэнэ.

    Ардын аман
    зохиолын “эрээд олохуйяа бэрх эрдэнэ” мэт ховордож, мартагдаж яваа үгийн
    урлагийн энэ мэт эрдэнэсийг ийнхүү бүрсгэн цуглуулж, ардынхаа өвийг арддаа
    түгээх гэж чармайн зүтгэж яваа нь даяаршлал, даяаршлал гэж “дарвиж” яваа өнөө
    цагт тон ч тустай төдийгүй эрдэм шинжилгээний асар их үнэ цэнэтэй бүтээл
    болсныг тэмдэглэх нь зүйн хэрэг бөлгөө.

    Хэл шинжлэлийн доктор,
    профессор, академич Далантайн ЦЭРЭНСОДНОМ