Ангилал: муис-ийн-мэдээ

  • П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

    П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ГОЛ ЦӨМ МОНГОЛДОО ҮЛДСЭН

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай уулзаж хөөрөлдлөө.

    -“Монгол Улсын түүх” номын ерөнхий редактороор ажилласан байсан. Энэ бүтээлийн онцлог юу байв?

    -Энэ онд МУИС-ийн Түүхийн тэнхим байгуулагдсаны далан жилийн ой тохиож байгаа. Ойд зориулж МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн бичлээ. Эл сурах бичиг Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн, арван зургаан зохиогчтой бүтээл болсон. Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон. Уншигчдын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн орууллаа. Бүтээлийг бүтэн хоёр жилийн хугацаанд Түүхийн тэнхимийнхээ эрдэмтэн мэргэдийн хамт бичилцсэндээ туйлын баяртай байна.

    -Болоод өнгөрсөн түүх ер нь тийм чухал зүйл мөн үү?

    -Хүнийг хүн болгож байгаа, Монголыг Монгол болгож байгаа зүйл бол өнгөрсөн түүх. Дэлгэржаргалыг Дэлгэржаргал болгож байгаа зүйл бол яах аргагүй миний өнгөрсөн үе. Өөрийгөө ойлгож танина гэдэг маш чухал. Хэдий чинээ өөрийгөө ойлгож мэднэ төдий чинээ ирээдүйгээ тодорхойлж болохтой адил өнөөдөр байгаагаа илүү сайн ойлговол ирээдүйг тодорхойлох боломж байж байдаг.

    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Монголын эртний түүх”-ийн таван боть хэвлэгдсэн. Та энэ ботиудын аль ботиуд дээр ажиллав?

    -“Монголын эртний түүх” төслийг Монгол судлалын үндэсний зөвлөлөөс дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн зардлыг гарган хэвлүүлж цагаан сарын өмнө нээлтээ хийсэн. Хүннүгээс авахуулаад Кидан гүрэн хүртэл Монголын эртний улсуудын түүхийг таван ботиор бичсэн томоохон бүтээл юм. Манай сургуулийн түүхийн болон археологи антропологийн тэнхимүүд, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн түүхч эрдэмтдийн хамтын бүтээл л дээ. Миний хувьд таван ботийн ерөнхий редактороор ажиллаж, Хүннү, Сяньби гүрэн гэсэн эхний хоёр ботийг бичсэн. “Жужань”, “Түрэг, Уйгар”, “VI-XII зууны монголчууд буюу Кидан” гэсэн таван боть байгаа.

    -Доройтож буй үндэстэн өнгөрсөн түүхээрээ бахархдаг гэсэн гутранги үзэлтэй хүмүүс ч байх юм. Бид үнэхээр мандан бадарсан түүхтэй өвөг дээдсийн үр сад атлаа өнөөдөр яагаад хөгжиж дэвжиж чадахгүй байна вэ?

    -Ард түмэн л зөвхөн түүхтэй байдаг. Тэрнээс хувь хүний түүх гэж байхгүй. Тиймээс л бид “Монголын түүх”, “Оросын түүх”, “Хятадын түүх” гэж тус тусад нь ярьдаг. Ард түмэн мөнхөд оршин тогтнодог учраас түүх тасралтгүй явж байдаг. Монгол Улс, монгол үндэстэн байгаа цагт Монголын түүх тасралтгүй үргэлжилнэ. Том улс гүрнүүд түүхэндээ яагаад ач холбогдол өгөөд байдаг вэ гэвэл үндэстнийг үндэстэн болгож байгаа зүйлийн гол цөм нь түүх юм. Үндэсний адилслыг бий болгодог юм чинь түүхэн ой санамж. Монгол Орос, Хятадаас яагаад өөр вэ гэвэл өөрийн түүхэндээ л онцлог нь байгаа. Дэлхий дээр хэдэн үндэстэн байна, тэр бүхэн өөр өөр. Өөр байгаагийн шалтгаан нь түүхэндээ л байгаа. Өнөөдөр бид баян байя, сайхан амьдаръя, эх орон юу ч биш гэж боддог болчихсон бол “Түүх юу юм бэ” гэж хэлэх байх. Үүний цаад санаа нь “Мөнгөтэй л байвал тусгаар тогтнол юу юм” гэсэн үг шүү дээ. Тусгаар тогтнол юугаараа үнэ цэнэтэй байдаг вэ гэвэл эх орныхоо эзэн байх гэсэн ганцхан л юм байгаа. Бид тусгаар тогтнолгүй бол хэн нэгний зарц боол байх тавилан л угтана. Баян байгаад боолын боол, босгоны шороо байх уу, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан байх уу” гэдгийн үнэ цэнэ тэс өөр ойлголт л доо. Эх оронтой байх, эх оронгүй хүн хоёрын ялгааг нэг бодоод үзээсэй. Тусгаар тогтнолын төлөө хүн амь насаа яагаад өргөөд байна вэ гэдэг чинь ганцхан өөрийнхөө нэг насны амьдралын төлөө бус үр хойчийнхоо л сайн сайхны төлөө юм. Бид хэтэрхий амин хувиа хичээж түүх юу юм бэ гэж нулимж болохгүй. Хөгжил дэвшлийн тухайд өөрийнхөө уламжлал дээр суурилсан зүйл л жинхэнэ хөгжил. Тэрнээс бусдыг дуурайж хуулсан хөгжил хөгжил биш. Оюун санааны боол болж байгаа л үзэгдэл юм. Бид өрнөдийг, Хятадыг, Солонгосыг дагаад явж болно. Мөн чанартаа Солонгос нь Америкийг хуулчихсан л явж байна шүү дээ. Арвангуравдугаар зуунд монголчууд дэлхийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байсан гэхээр нүүдлийн соёл, иргэншил гэдэг өөриймших содон зүйлтэй байсан хэрэг. Бусдыг дагаж хөгжинө гэдэг мотор нь өөр гүрнээс хамаарна аа л гэсэн үг. Чиргүүл хэзээ ч хөдөлгүүр, зүтгүүрийнхээ өмнө гарахгүй.

    Эцсийн дүндээ өөрийнхөө мөн чанарт тулгуурласан хөгжил л хамгийн агуу. Тийм учраас том гүрнүүд өөрийн түүхэндээ ач холбогдол өгч байна. Хятадын эрдэмтэд “Бидний гурван мянган жил бий болгосон соёлыг гучхан жилийн дотор өрнөдийн иргэншил арчаад хаячихлаа. Одоо яах вэ” гэж халаглаж байна. Манайхыг бодоход, олон мянган жилийн түүхтэй, тэрбум гаруй хүн амтай том айл өрнөдийн иргэншлээс айгаад, санаа зовоод сууж байхад бид юм бодохгүй л бол болохгүй.

    -Чингис хаан болоод тэдний үр сад дэлхийн наран ургахаас жаргах хүртэл өргөн уудам газар нутгийг эрхшээхдээ Монголын хамгийн сор болсон хэсгийг аваад аян дайнд явчихсан, арга чарга хайсан арчаагүй залхуучууд нь монгол голомтод үлдсэн учраас өнөөгийн Монгол Улс олигтой хөгжихгүй байна гэж үзэх хэсэг байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

    -Дэлхий даян монголчуудыг оюуны чадамж өндөр ард түмэн гэдэгт итгэж, одоо ч тусалж дэмжиж байгаа. Тийм агуу түүхтэй ард түмний үр садад жаахан туслаад өгвөл өөрөө өөрсдийгөө аваад явчихна гэж харж байна шүү дээ. Аян дайнаар Монголын оюунлаг, бие бялдар төгс төгөлдөр хэсгийнхэн гадагшаа явсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны алтан ургийн гол цөм нь Монголдоо үлдсэн. Алтан ургийнхны гол цөм чинь Тулуйн үр сад их хаан Мөнх, Хубилайн үр сад шүү дээ. Хубилайн үр сад гэхэд Бээжинд төвлөн сууж байгаад Тогоонтөмөр хааны үед Монголдоо ирсэн. Хэдийгээр Манжийн дарлалд орсон ч гэсэн хорьдугаар зууны эхэн үе хүртэл Чингисийн алтан ургийнхан л Монголыг захираад байж байсан. Алтан ураг гэдэг чинь дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Манжууд хүртэл Чингисийн алтан урагтай л холбоотой байхыг эрмэлзэж байсан. Тиймээс Монголын хамаг шаар шавхруу нь л төрөлх нутагтаа үлдчихсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Агуу түүхийг бүтээсний хойно бууран доройтохоор тэгж бодох хүмүүс байдаг байж магадгүй л дээ. Агуу эзэнт гүрэн байгуулж байсан ард түмэн үргэлжийн мандан бадралын мөчлөгтөө байгаад байх нь дэлхийн түүхэнд ховор. Хэрвээ тийм байсан бол аль нэг эзэнт гүрэн дэлхийд хэдэн мянган жил ноёрхоод байж байна. ЗХУ гэж ямар хүчтэй гүрэн байлаа. Байж л байх юм шиг л санагддаг байсан. Далхан жил оршин тогтноод задарч бутраа биз дээ. АНУ одоо мундаг байна л гэж байна. Гэтэл мандан бадралынх нь үе төгсөх гэж байна гээд байгаа. Энэ хоёр гүрний хувьд гэхэд л зуугаадхан жилийн л түүх яригдаж байна. Тэгэхэд монголчууд XIII-XIV зуун гээд дэлхийн түүхийн бүтэн хоёр зуун жилийг дамнан эрхшээнэ гэдэг хэр баргийн ард түмний чадахгүй, чадаагүй зүйл. Хүчирхэг гүрэн мандан бадарч, задарч бутардаг нь түүхэн хөгжлийн зүй тогтол. Эртний Грек, Ром, Египетийн иргэншил чинь одоо үндсэндээ мөхсөн. Харин монголчууд энэ олон зуун жилд төр ёсныхоо уламжлалыг хадгалаад өдий зэрэгтэй яваа чинь бидний үндэсний бахархал.

    -Грек, Ром, Египет гээд эртний их гүрнүүд одоо ч оршин тогтносоор байгаа биз дээ. Тэгэхэд дэлхийн түүхийн магнайд бичигдэж явсан монголчууд шиг газар нутгийн хувьд ч давжаарсан, хөгжлийн хувьд хоцрогдсон ард түмэн байхгүй байх шиг?

    -Тэр их гүрнүүдийг залгамжилсан улс байхгүй, үндсэндээ байхгүй болтлоо мөхсөн. Египет улс гэхэд л египетүүд биш арабууд байж байна. Ромын эзэнт гүрний суурин дээр гэхэд цоо шинэ иргэншил үүссэн. Дэлхийн түүхийг тодорхойлж байсан иргэншлүүд тухайн үндэстэндээ үлдсэн гэхэд хэцүү. Монголчуудын иргэншил бол өөр үндэстэнтэй холилдоогүй үлдсэн. Ромыг өнөөгийн итали гэж ойлгож болохгүй. Ром гэж хотын нэр л үлдсэн.

    -Монголчууд эв эе хагаралдсан үедээ бусдын зууш болж байсан гашуун түүх элбэг. Энэ их хагарлын үүдийг Чингис хаан, Хасар гэсэн нэгэн хэвлийгээс төрсөн ахан дүүстэй ч холбох нь байна. Одоо бүр хэрээс хэтрээд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрыг харилцан буруутгаж, халх, ойрадаараа талцах боллоо?

    -Улс төрийн эцсийн зорилго нь эрх мэдэлд хүрэх зам. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа тохиолдолд зөрчил мөргөлдөөн зайлшгүй байдаг. Аль ч улс орон нэгдсэн цагтаа хүчирхэгждэг, хагаралдсан үедээ бууран доройтдог. Энэ бол түүхэн зүй тогтол. Хятадад ч, Монголын түүхэнд ч ийм үе байсан. Зөвхөн монголчууд л хоорондоо тэмцэлдээд хагаралдаад байсан юм биш. Монголчууд гадны улс орныг бас хооронд нь тэмцэлдүүлж байгаад эзлээд авч байсан тохиолдол олон. Ноёдыг нь хооронд нь хагалган бутаргах чинь Монголын эзэнт гүрний том бодлого байлаа. Хэдий чинээ том бодлого явуулж байна тэр гүрэн төдий чинээ том. Үүнийг л империйн бодлого буюу империализм гээд байгаа шүү дээ. Эзэнт гүрний бодлого бусдын дотоод хэрэгт хүртэл оролцож байна. Гегелийн “Агуу хүн агуу зорилготой байдаг, өчүүхэн хүн өчүүхэн зорилготой байдаг” гэсэн нэг үг байдаг. Өнөөдөр манай хувьд гадаадад бүү хэл дотооддоо хагаралтай бодлоготой болчихсон. Манай эзэн хаан Чингис дэлхийн бодлоготой агуу хүн байж. Гэтэл өнөөдөр авлига, хээл хахууль ихэслээ гээд шуугиад байгаа биз дээ. Чингис хаан шиг, Наполеон шиг дэлхийн бодлоготнуудыг өнөөгийнхөөр бол “Манайхыг битгий эзлээрэй” гээд хэдэн доллараар худалдаад авчихна байна шүү дээ. Агуу зорилготой хүмүүс хэзээ ч худалдагдахгүй л дээ.

    Өдрийн сонин, 2017/05/17

    Л.Батцэнгэл

  • Л.Галбаатар “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй ном гаргажээ

    МУИС-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Л.Галбаатар хоёр дахь номоо хэвлүүлээд байна. “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй уг шинэ номын арын хавтаснаа зохиогчийг 2013-2014 онд “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” болон “Кибер аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төсөл, 2014-2015 онд “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт гишүүнээр ажилласан гэжээ.

    Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаач, хуульчийн нэг тэрбээр тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна.

    МУИС Пресс Хэвлэлийн Газар-аас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргажээ.

    Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой байна.

    Дашрамд сонирхуулахад Монгол Улсын шүүхээр хоёр ч кибер гэмт хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчид кибер гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлийн талаар мэдэх, суралцах сонирхлоо илэрхийлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлтгэсэн шүүгчдэд зориулсан сургалтын төлөвлөгөөнд кибер гэмт хэргийн асуудлаарх хичээл багтжээ.

    Номын нэр:

    Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь

    ISBN:

    978-99973-42-61-4

    Номын зохиогч:

    Л.Галбаатар

    Редактор:

    Д.Батгэрэл

    Хэвлэлийн газар:

    МУИС Пресс

    Хэл:

    Монгол, Англи

    Хэмжээ:

    205x140x8 мм

    Хуудасны тоо

    76

    Эрхлэн гаргасан огноо:

    2015

    Үнэ:

    12,000₮

    Зохиогчийн тухай:

    Л.Галбаатар нь 2010 онд “Цахим эрх зүй” ном бичиж хэвлүүлсэн бөгөөд “Кибер гэмт хэргийг шүүхэд хянан

    шийдвэрлэх нь” ном түүний хоёр дахь бүтээл юм. Тэрээр Монголын Хуульчдын холбооны гишүүн-хуульч, Монголын Геополитикийн судалгааны хүрээлэнгийн шинжээч гишүүн, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачаар ажилладаг.

  • “Гал” нууц бүлгэмийн шүлэгчдийн тухай ном англи хэлнээ

    Эдүгээгээс дөчөөд жилийн өмнө буюу хуучин тогтолцооны үед байгуулагдсан
    утга зохиолын “Гал” хэмээх нууц бүлгэмийн түүхийг товчоолсон GAL:
    Mongolia’s Last Underground Poets” хэмээх номыг монгол судлаач Саймон
    Вэкхам Смит туурвисныг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС Пресс
    Паблиншингээс эрхлэн англи хэлнээ гаргажээ. Уг номонд тус бүлгэмийн
    шүлэгчдийн эхэн үеийн шүлгүүдийг орчуулагч сонгон оруулсан бөгөөд тус
    бүлгэмийн түүхтэй холбоотой эссээ нийтлэл, түүхэн гэрэл зураг, хувийн
    архивын гар бичмэлүүдээс нь багтаасан байна.

    1977.11.08-нд уран бүтээлийн “Гал” нэгдлийн зорилгоо анхдугаар хурлын
    протоколдоо тэмдэглэхдээ “Бидний нэгдэл нь утга зохиолоос ангид урсгал
    чиглэл үүсгэх гэсэндээ бус тухайн үеэ үүрч гарах зорилгын үүднээс
    яригдах ёстой юм. Утга зохиолын түүхэнд янз бүрийн хамтлаг байсан. Тийм
    хамтлагууд нь тухайн үеийнхээ урлаг, утга зохиолын шинэ дээд шатанд хүрч
    байсан. Бид тийм л зорилгод чиглэх ёстой” хэмээн тодорхойлжээ. Энэхүү
    “Гал” нэгдэлийн уран бүтээлчид бол Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар,
    Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, Я.Баатар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг бөгөөд өдгөө бүгд өөр өөрийн зохих
    өндөрлөгийг тогтоосон уран бүтээлчид болжээ.

    Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн «Бидний “Гал” гэж нэрлэсэн
    яруу найргийн дэвжээн дээр: Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Цогт,
    Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар, Б.Сундуй, Я.Баатар, А.Батешхан, Ц.Ойдов,
    Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян зэрэг залуучууд шүлэг зохиолоо бичицгээж
    явлаа…» гэсэн бол, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар «“Гал” хэмээх
    энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо
    буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан…» хэмээн бичсэн
    байдаг.

    Уг номын зохиогч Саймон Вэкхам Смит нь сүүлийн 10 жилийн турш монголын
    уран зохиолын судалгаа болон орчуулгаар дагнан ажиллахын хамт Америк,
    Канад зэрэг улсын их дээд сургуулиудад лекц уншиж монголын уран зохиол,
    утга соёлыг дэлхийд таниулж буй авъяаслаг орчуулагч, судлаач юм. Тэрбээр
    АНУ-ын Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр доктор
    (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Rutgers их сургуульд багшилж байна.
    Түүний докторын диссертацийн ажил Америкт тусгай ном болон хэвлэгдсэн
    бөгөөд өдгөө тэрбээр Монголын уран зохиолын 30 шахам ном орчуулж гаргаад
    байна.

    О.НОМТ

    http://art.news.mn/content/219089.shtml

  • Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: МУИС ПРЕСС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР НОМЫН СОЁЛ ХӨГЖҮҮЛНЭ

    70 жилийн түүхтэй Монгол Улсын Ууган их сургууль маань МУИС Пресс хэвлэлийн газраа түшиглэн түүхэндээ анх удаа Номын дэлгүүр нээн ажиллуулж эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Их сургуулиа өөрийн гэр орон лугаа адилтган санаж, түүнээ өөдлөн дэвшихэд сэтгэл, оюун, үнэт цаг хугацаагаа харамгүй зориулж яваа ‘сургууль амьтай’ жирийн нэгэн багшийн санал санаачилга, уйгагүй зүтгэлийн хүчээр боссон томоохон ажил биеллээ олсон нь энэ юм. Монголд НОМЫН СОЁЛЫГ цогцоор хөгжүүлэхэд МУИС Пресс Хэвлэлийн Газар-ын үйл ажиллагааг чиглүүлэн, тууштай авч яваа багш Ж.Бат-Ирээдүйтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

    -Та уншигч олонд зориулан өөрийгөө танилцуулаач?

    Миний бие МУИС-тай оюутан цагаа оруулбал бараг 30 гаруй жил ажил амьдралын холбоотой явна. Дунд нь Англи, ХБНГУ, Япон зэрэг орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад монгол хэлний зочин багш, судлаач, профессороор ажилласан он жилүүд бий. Энэ бол явж явж их сургуулийн маань эрдэм буян, эх хэлний маань хишиг буян, ажил мэргэжлийн ач буян гэж бэлгэшээж явдаг. Тийм учраас их сургуулиа сайн сайхан болгохын төлөө өчүүхэн боловч шинэ зүйл санаачлан хийж бүтээх юмсан хэмээн бүтэлтэй, бүтэлгүй ч янз бүрийн зүйл сэтгэж явдаг жирийн нэгэн багш хүн билээ. 2012 онд МУИС-ийн 70 жилийн ойгоор үндэсний их сургууль өөрийн гэсэн хэвлэлийн газартай болох ёстой гэж зүтгүүлсээр байж энэ албыг байгуулсан. Харамсалтай нь үүнийг зөв ойлгох, дэмжихэд бас цаг хэрэгтэй байжээ гэж одоо бодогдож байна. Бас цаг хугацааны хувьд тохиромжгүй үе ч таарчихлаа. Гэхдээ одоо энэ үе нэгэнт ард хоцорч үндсэн ажилдаа ороод байна. Энэ бол МУИС-ийн сурах бичиг зохиох, хэвлүүлэх, борлуулах, хүртээх түгээх ажлыг зохион байгуулах томоохон ажил байна гэж хэлж болох байна.

    – МУИС-ийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа талаар яривал?

    Өнгөрсөн 9 сард БСШУЯ-наас МУИС-ийг их сургуулийн сурах бичигтэй болох талаас дэмжихээр тодорхой хэмжээний төсөв буюу 250 шахам сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийд гарсан боловч харамсалтай нь эдийн засгийн хямрал, мөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж биднийг сурах бичгийн асуудлаа зарлаж асуудлаа ярьж цэгцлэх гэсээр байтал буцаагаад татчихсан юм билээ. Гэвч их сургууль өөрийн нөөцөөс төсөвт энэ хэмжээний мөнгө суулгаж Удирдах зөвлөлөөр батлуулснаар бид энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Ингээд МУИС-ийн Захиргааны зөвлөл асуудлыг нухацтай авч үзээд өөрийн Хэвлэлийн газраараа дамжуулан сурах бичиг зохиох, хэвлэх, борлуулах асуудлыг шийдэх болоод байна. Асуудал шийдэгдтэлээ нэлээд цаг хугацаа авсныг бид бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь бол ийм төсөл хэрэгжүүлэх нь зайлшгүй асуудал болчихоод байсан зүйл л дээ.

    – Зайлшгүй гэдгээ тодруулахгүй юу?

    Бид 2012 онд МУИС Пресс Хэвлэлийн Газрыг санаачлан байгуулсан. Гэвч 2012 оны 9 сараас эхлэн дарга цэрэг, бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт он дамжин үргэлжилж юун хэвлэл ярихтай манатай баахан манаргав шив дээ. Энэ хугацаанд бид хуруугаа оролдож зүгээр суулгүй их сургуулийн профессор багш нарын дунд “Их сургуулийн сурах бичиг” нээлттэй хэлэлцүүлэг явуулж, их сургуулийн номын сан, бие даах төвд байгаа зарим сурах бичгийн хүрэлцээ болон бусад асуудлаар судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар сурах бичгийн хүрэлцээ бараг ноль, дээрээс нь хэн дуртай нь өөрийнхөөрөө сурах бичиг бичиж хэвлүүлдэг, түүнийгээ өөрөө оюутнуудад тараадаг муугаар хэлбэл шахдаг, тэглээ ч гээд хүрэлцээгүй ийм зүйл байгаа нь ажиглагдсан. Тухайлбал судалгаагаар хамгийн олон оюутан үздэг “Монголын түүх”-ийн ном гэхэд л МУИС-ийн Төв номын санд 10 ширхэг, хамгийн олон оюутантай ЭЗС-ийн оюутны бие даах төвд гэхэд л 3 ширхэг байсан. Ерөнхийдөө их сургуулийн сурах бичиг өөрөө хэвлэх буюу self publishing гэдэг ном хэвлэлийн төрөлд дээр түшиглэж, “удирдлага жолоодлогогүй” сайн дурын асуудал байлаа, одоо ч бараг тэр хэмжээгээр шахуу явж байна.

    – МУИС нь Пресс Хэвлэлийн Газартай болсноороо…?

    Дэлхийн томоохон их сургуулиуд өөрийн гэсэн Хэвлэлийн газартай байдаг. Би МУИС-ийг Монголын Харвард (тэргүүлэх утгаар нь шүү) гэж боддог. Өнөөдөр Монголд хэвлэлийн газрыг жинхэнэ утгаар нь байгуулсан их сургууль бараг байхгүй гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд харин дууриагаад байгуулж эхлэх хандлага байна. Аливаа их сургуулийн хэвлэлийн газар гэдэг бол номын соёл түгээдэг СОЁЛЫН ТӨВ юм. Манайхан хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр хоёрыг их хутгадаг бөгөөд намайг их сургуулийн хэвлэх үйлдвэрийг хариуцаж байгаа гэж ойлгодог хүн ч олон байдаг юм. Товчхон хэлэхэд миний хариуцаж байгаа Хэвлэлийн газар бол МУИС-д ямар ном хэрэгтэй вэ, ямар ном хэвлэвэл МУИС-д болон нийгэмд ашигтай вэ гэх ном хэвлэлийн бодлогын асуудал хариуцдаг, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байгууллага юм. Харин хэвлэх үйлдвэр бол тэр ном хэвлэлийг дармаллан хэвлэж гаргадаг хуучин үгээр бол БАРХАН юм. Их сургуулийн бархан одоо хүртэл байгаа, түүнийг Мягмарсүрэн гэж залуу хариуцаад ажиллуулж байгаа. Тийм учраас одоо ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхлэх сурах бичгийг бэлэн байлгах ажлыг манай МУИС Пресс хэвлэлийн газар хариуцаж ажлаа эхлүүлээд байна. Ер нь Хэвлэлийн газар заавал өөрийн үйлдвэр машин техниктэй байх албагүй, чухам номын чанар чансаанаас шалтгаалан хамгийн сайн хэвлэх үйлдвэрт л хэвлэгдэх ёстой гэж үздэг.

    – Сурах бичиг шалгаруулах явц ямар байдалтай хэрэгжиж байна?

    Өнгөрсөн оны 9 дүгээр сард МУИС-ийн Захиралын тушаалаар сурах бичигт тавигдах шаардлагыг зарлан багш нараас бичиж хэвлүүлэх сурах бичигт санал авсан бөгөөд үүнд шинэ болон дахин хэвлэх, орчуулгын гэсэн ангиллаар нийт 44 сурах бичиг ирсэнийг салбар салбараас оролцсон тусгай ажлын хэсэг хянаж үзээд бүгдийг оноогоор дүгнэж байр эзлүүлсэн. Өөрөөр хэлбэл энд онооны ялгаа л байгаа болохоос биш хэвлэж болно болохгүй гэсэн дүгнэлт хийгээгүй гэсэн үг. Үүнийг МУИС-ийн Захиргаанд танилцуулснаар захиргааны зөвлөлийн шийдвэрээр нийт сурах бичгийн зохиогчтой гэрээ хийхээр батлагдаад байна. Ганц нэг мэргэжлийн суурьд ороогүй хичээлийн сурах бичиг болон зохиогчийн эрхээ дангаараа эзэмшинэ, цаг хугацааны хувьд амжихгүй гэснийг эс тооцвол бүгд өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт хэвлэгдэх сурах бичиг гэж ажлын хэсгийнхэн болон их сургуулийн захиргаа үзэж байгаа. Одоогийн байдлаар 32 сурах бичгийн зохиогчтой гэрээ хийхээр батлагдаад байна.

    – Зохиогчийн эрхийг яаж шийдэж байна вэ?

    МУИС-ийн шаардлагад зохиогчийн эрхийг хамтран эзэмших юм уу МУИС дангаараа эзэмших тухай заасан байгаа. Гэвч энэ удаа хэвлэгдэх гэж байгаа ихэнх сурах бичиг зохиогч нар хамтран эзэмших гэдэг дээр тохирч эхлээд байна. Арав орчим сурах бичгийн зохиогч эрхээ дангаараа эзэмшинэ гэсэн учир МУИС зардлаараа хэвлүүлэхээс татгалзсан. Хоёр сурах бичгийн зохиогч цаг хугацааны хувьд үнэхээр энэ жил амжихгүй гэж үнэнээ хэлээд больж байгаа. Гэвч аль аль нь энэ удаа больсон ч дахин хэвлэх боломжгүй гэсэн үг биш дараагийн удаа хэвлүүлэхээр асуудлаа тавьж болно гэсэн үг. Энэ бол нээлттэй байгаа шүү.

    – Дахин ийм боломж жил бүр гарна гэсэн үг үү?

    Мэдээж их сургуульд оюутныг сургахад профессор багш, сурах бичиг, байшин сав шиг чухал гурван юм байхгүй. Би бол цаашид их сургуулийн жил тутмын төсөвт сурах бичиг хэвлүүлэх зардал суух ёстой гэж үзэж байгаа. Энэ зардал нь өнөөдрийн бидний хэвлэж байгаа сурах бичгээс олсон орлого болон их сургуулийн жилийн төсвийн тодорхой хэсгээс бүрдэх байх гэж төсөөлж байна. МУИС цаашдаа сурах бичгийн сан байгуулж хуримтлал үүсгээд түүгээрээ дараа дараагийн шаардлагатай сурах бичгийг жил бүр хэвлэж байна гэж төлөвлөж байна.

    – Зохиогчийн эрхээ хамтран эзэмшихийн ашиг тус юу вэ?

    Хэвлэлийн газрын нэг зорилго бол зохиогчийг сайн ном, сурах бичиг бичих боломжоор хангах явдал юм. Монголд сүүлийн 20 жилд номоо өөрөө хэвлүүлэх бизнес хүчтэй хөгжиж байгаа. Манай багш нар ч ихэнх нь ийм замаар номоо хэвлүүлж буй. Ийм нөхцөлд ном бичихээс гадна номоо хэвлүүлэх, дизайн хийх, хэвлэлээс авах, маркетинг хийх, дэлгүүр хоршоонд хүргэх, бидний хувьд бол оюутандаа “хүргэх” борлуулах, тооцоо хийх гээд хийж барагдахгүй “хар ажил” давхцан үргэлжилдэг. Хэвлэлийн газар энэ их дарамт ачаанаас зохиогчийг чөлөөлнө. Та харин сайн ном хэвлүүлэх бичих л ажлаа дангаараа хөөж яавал энэ номоо улам сайн болгох вэ гэж бодох цагтай болж ухаан санаа хүч энергээ ном дээрээ төвлөрүүлнэ гэсэн үг. Энэ бол зохиогчийн өмнөөс бүх ажлыг амжуулдаг чөлөөт зах зээлийн нийгэм дэх дэлхийн хэвлэлийн газруудын үндсэн жишиг юм. Үүнийг л бид МУИС дээр хэрэгжүүлж ажиллах гээд байгаа юм. Үүнийг манай багш нар ч эхнээсээ ойлгож эхэлж байгаад бид баяртай, урамтай байгаа.

    – Зохиогчийн роялти өгөх талаар дэлгэрүүлэх үү?

    Өнөөгийн манай нийгэмд шинээр бий болсон нэг зүйл бол зохиогчийн эрхийн тухай асуудал юм. Хэвлэлийн газруудын жишгийг аваад үзвэл манай улсад зохиогчийн үнэлгээ маш доод төвшинд байгаа. Ийм цөөхөн хүнтэй жижиг зах зээлтэй оронд оюуны өмчөөр оройд нь гарч цүл пал хийтэл баяжих гэж үгүй. Гэхдээ манай их сургуулийн хувьд маш өөр онцлогтой. Бидэнд маш том зах зээл биднийг тойроод байж байгаа бид харин үүнийгээ зөв тооцож, зөв зохион байгуулж, зөв хөгжүүлж чадваас монголын болон гадаадын зах зээлээс өндөр ашиг хүртэж орлого олж чадна. Хэдий чинээ орлого их олно төдий чинээ роялти буюу зохиогчийн шагнал өндөр байх, байнгын орлоготой байх нь ойлгомжтой. Чухам энэ маркетингийг бид хийх юм. Манай хэвлэлийн газрын роялти бусад хэвлэлийн газрынхнаас хувь илүү байгаа. Эхний удаа бид ном бүрт хүртээх зохиогчийн шагналыг шинэ сурах, дахин хэвлэл, орчуулга гэсэн гурван төрлөөр харьцангуй жаахан ялгаатай өгч байгаа боловч харин роялтийн хувьд бүх хүнд адилхан 10% байгаа юм. Энэ бол манайдаа өнөөдөр хамгийн өндөр хувь.

    – МУИС-ийн Хэвлэлийн Газрын талаарх таны төсөөлөл юу вэ?

    Бид МУИС-д номын соёлыг цогцоор хөгжүүлэх гэж л үүнийг санаачилсан. Энэ бол хэдэн сурах бичиг хэвлэсэн болоод хаях түр зуурын түргэн түүхий ажил биш, сурах бичиг шалгаруулах, дүгнэх, хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх, борлуулах, борлуулалтын шагналыг хүртээх, зохиогч зөвхөн номынхоо төлөө анхаарах, байнгын орлогтой байх, улам сайн сурах бичиг зохиох итгэл зүтгэл улам улам бадрах, цаана нь сургалт, шинжлэх ухаан хөгжиж байх ийм цогц ойлголт, өвч соёл юм шүү. Би Австралийн, Английн, Америк, Герман, Японы их сургуулиудын номын дэлгүүрт ороод оюутнууд нь улирал эхлэхэд жагсаалтаа бариад ном сурах бичгээ цуглуулж байгааг хараад манай МУИС хэзээ ийм сайхан болно доо гэж атаархан харж зогссон тэр цаг, тэр дүр төрхийг бодит байдал болгон хэзээ нэгэн цагт төрөлх сургуульдаа авчрахын төлөө энэ бүхнийг хийж байгаа. Би МУИС Пресс Хэвлэлийн Газар байгуулснаас хойш хариуцаж ажиллаж байгаагийнхаа хувьд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг авахгүйгээр чин сэтгэлээсээ ажиллаж байгаа. Энийг би хаана ч хэлдэг. Өнөөдөр их сургуульд цалингүй ажилладаг цэвэрлэгч жижүүр ч байхгүй. Энэ бол миний их сургуулиа гэсэн сэтгэл болохоос хийх юмаа олж ядсандаа ингээд хамаг цагаа үрэн үрэн яваа хэрэг биш юм шүү. Тэр листээ бариад сурах бичгээ авч байгаа оюутны цаана тэр сурах бичгийг бичсэн багшийн эрдэм соёл, нэр төр, ёс зүй, үнэ цэнэ, түүнийг хэвлэж хүргэсэн хэвлэх үйлдвэрийн хэвлэлийн соёл, чанар, түүнийг хийж бүтээсэн хамт олны оюуны соёл, бүгд цогцоороо хамт байдаг гэдгийг хэлмээр санагддаг. Энэ соёлыг бий болгох нь манай хэвлэлийн газрын холын бодлого юм аа, үүнийг манай багш нар ойлгоосой, бас дэмжээсэй гэж хүсэх байна.

    Ном хэвлэл гэснээс электрон ном, номын сангийн тухай их ярих боллоо?

    Яг үнэнээ хэлэхэд электрон номын тухай ярихад жаахан эрт байна. Энэ миний бодол шүү. Цаасан ном нь бараг хүрэлцээгүй байгаа, оюутны ухамсар сэтгэлгээ нэлээд доор байгаа, номтой нөхөрлөж номын амтанд орж уншиж сураагүй, аль болох амарчлах, дөхөмчлөх, магадгүй хялбар хөнгөн аргаар сурах дүгнүүлэх сонирхол ихтэй байгаа нөхцөлд электрон ном арай эртэднэ. Та нар мэдэж байгаа номыг гартаа бариад, нэг сайхан номын санд тайван амгалан унших хичнээн сайхан байдаг билээ, компьютерийн дэлгэцнээс ном унших надад л лав сайхан биш. Энэ дэлхийн хүмүүс чинь тэр сайхан зүйлээс улам улам холдсоор байна. Харин ч эргээд номоо үгүйлж буй бус уу? Бид цаас ч үгүй, царай ч үгүй номын сан ч үгүй, номын дэлгүүр ч үгүй байж электрон номын тухай эртдэх юм биш биз гэж надад бодогддог. Гэхдээ бид ирээдүйд ийм номын сан байгуулахын төлөө, тийм номтой байх ёстой учраас зохиогч нартай электрон файлаар давхар бэлтгэх тухай гэрээнд тод заасан зүйл бий. Аа харин номын санг электронжуулна гэдэг бол өөр асуудал шүү, шинэ номын сан барьж байхдаа бид үүнийг зэрэг хийж бүтээх ёстой нэг ажил бидний өмнө байгаа.

    – Саяхан танай хэвлэлийн газар номын дэлгүүр нээлээ?

    Бид их сургуулийг ганцхан оюутанд үйлчилдэг газар биш нийгмийн нийт гишүүдэд тэгш үйлчлэх ёстой нэгэн төрлийн “соёлын төв” (сумын улаан булан гээд битгий ойлгочихоосой) гэж ойлгодог. Ялангуяа номын сан, номын дэлгүүр бүр чухал. Номын дэлгүүр бол энэ нийтэд үйлчлэх соёлын нэгэн талбар юм. Өнөөдрийн бидний дэлгүүр өчүүхэн төдий харагдавч ирээдүйд Улаанбаатарчуудыг урин залсан томоохон их дэлгүүр болж хөгжин бэхжинэ гэж өөдрөгөөр төсөөлж байгаа. Их сургууль сайхан номын сантай болно тэнд бидний орой зай байгаа гэж төлөвлөж байгаа. Эцэст нь давтан дүгнэж хэлэхэд ерөөсөө МУИС Пресс Хэвлэлийн Газар бол их сургуульд номын соёлыг хөгжүүлэхийн төлөө бүхий л талаар ажиллах, их сургуулийг эрдмийн сургууль болгоход туслах зорилготой түүний үндсэн нэгж, хамт олны нэгхээн хэсэг юм. Энэ номын соёл зөвхөн бидний хүч хөдөлмөр биш та бидний хамтын хүч, сэтгэлээр бий болох ИХ СУРГУУЛИЙН СОЁЛ юм шүү.

    -Их ажлын хажуугаар цаг заваа заран ярилцсан Танд баярлалаа.

    -За манай ажлыг түмэнд ойлгуулахын төлөө хичээн ярилцсан танд бас баярлалаа.

  • ​МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРЛУУД БОЛНО

    МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс ШУС-ийн Нийгмийн Ухааны салбар
    болон Японы Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Сэгэгүчи Сантай хамтран Халх голын
    дайны 75 жилийн ойд зориулсан “Халх гол ба Номун хааны  тулалдааны цогц судалгаа” олон улсын хурлыг
    2014 оны 8 дугаар сарын 9-10 нд, ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Газрын нэр судлалын
    Монголын нийгэмлэг, Японы Токиогийн Гадаад судлалын их сургуультай хамтран
    “Монголчууд ба газрын зураг” олон улсын хурлыг 2014 оны 8 дугаар сарын 22-23 нд
    тус тус зохион байгуулахаар бэлтгэж байгаа тул тус хуралд илтгэл тавих оролцох гадаад
    дотоодын судлаач эрдэмтдийг идэвхитэй оролцохыг урьж байна. Илтгэлийн нэр,
    хураангуйг 7 дугаар сарын 30 хүртэл хүлээн авна. Хурлын талаарх мэдээллийн
    дэлгэрэнгүйг 99105206, 77307730-2315 утас болон iregedui@gmail.mn мэйл хаягаар лавлана уу.

    Монгол
    Судлалын Хүрээлэн, хурал зохион байгуулах ажлын хэсэг

  • Д.Болдбаатар: “Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл бий” гэсэн Хятадын зүйр үг байдаг

    «Хуаньжу гэг», «Чингис хаан» олон ангит кино,
    хятад, англи, япон хэлний толь бичигүүд болон сүүлийн үед уран зохиолын
    орчуулгад эрч хүчтэй шамдуу дайран орж «Чонон сүлд», «Цаасан шувуу наадуулагч»,
    «Мянган нарны цацраг», «Гурван улсын үлгэр», «Төвд банхар» зэрэг сонирхолтой
    бүтээлийг туурвисан эрхэмтэй ярилцлага өрнүүлнэ гэхээр та бүхэн эрхбиш хэн
    болохыг гадарлаж байгаа байх аа. Доржсүрэнгийн Болдбаатарыг би бүр наяад оны
    сүүлчээр монголын радиогийн хятад хэлний редакцид ажилаж байх үеэс нь сайн
    мэдэх юм. Одоо тэр манай урдаа барьдаг сайн орчуулагч нарын нэг болсон төдийгүй
    өөрийн залгамж халааг бэлдэх зорилгоор хувийн «Гэгээ» коллежийг үүсгэн
    байгуулаад амжилттай ажиллаж байна. Бид хоёр нэлээд өргөн сэдвээр сонирхолтой
    яриа өрнүүлснийг уншигч та бүхний таалалд өргөн барья. 


    Д.Т: Өөрөө «Улсыг засах, жараахай шарахаас амархан» гээд хэлчихсэнийг нэг
    нөхөр хариуд нь харин ч хэцүү гэсэн маягтай шүүмж бичсэнийг бодвол уншаа
    байлгүй дээ. Тэр талаар яриагаа эхлэвэл ямар вэ? 

    Д.Б: Заримдаа миний бүтээлүүдийн талаар мэр сэр шүүмж болон магтаал
    гарч байдаг л даа. Би тэр болгонд тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаггүй.
    Урдаа байгаа хийх ёстой зүйлдээ л илүү анхаарахыг хичээдэг. Та бүхэн надад
    уншигч олонтойгоо харилцах ийм сайхан завшаан олгосныг ашиглан би тэр бүх явган
    яриа, шүүмжүүдэд нэг мөр хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна. Их ч олон хүн
    уншдаг юм билээ. Би «Үндэсний шуудан» сонин дээр өөрийн уран бүтээл болон
    монгол хятадын харилцаа зэрэг сэдвээр сүүлийн үед хоёр ярилцага өгсөний нэг нь
    тийм гарчигтай болчихсон байна билээ. Уг нь «Улсыг засах жараахай шарах лугаа
    адил» гэсэн гарчигтай байсныг сонины хянан тохиолдуулагч жаахан зассан байна
    лээ. Тэглээ гээд учиргүй утга гажихгүй. Тийм тохиолдол байдгийг өөрөө юу эс
    андахав. Тэр шүүмжийг миний сайн танил нөхөр нэрт хятад судлаач М.Чимэдцэеэ
    бичсэн байсныг уншсан. Дээр дурдсан гарчгийн тухайд бол эртний хятадын аугаа
    сэтгэгч Лаозыгийн «Даодө» сударт байдаг ишлэл юм. Улс нийгэм гэдэг өөрийн зүй
    тогтлоор хөгждөг жамтай. Түүнд төрийн түшээдээс зүй бусаар хутгалдан ороод
    байхгүй байвал зүгээр. Жараахайг шарах уг нь их амархан юм. Түүнийг зөөлөн
    галаар олон дахин оролдохгүй шараад байхад болчихно. Харин байн байн эргүүлж,
    оролдоод байвал шарсан жараахай биш шатсан нүүрс болон хувирдаг гэсэн санаа.
    Манай зарим төрийн түшээдийн үйлдэл Лаозыгийн хэлсэн тэр үгийг надад байнга
    санагдуулдаг болохоор тэр ярилцлагадаа онцлон дурдсан хэрэг. 

    Д.Т; Олон дахин засаг төрөө солиод хүн бүр оролдоод байх хэрэггүй гэсэн
    санаа байжээ дээ уг нь бол. Бас Тотем гэдэг үгний талаар олон янзын санал гарч
    байсан даа?

    Болд; Судлаач анд маань шүүмжийн эхэнд Г.Аким гуай зэрэг хүмүүсийн
    ярьж бичдэг «Чонон сүлд» гэдэг нэрийн оноолт буруу. «Чоно шүтээн»  гэх
    байсан гэдэг зүйлийг дурдсан байна лээ. Манай ард түмэн чоныг учиргүй шүтээнээ
    болгон дээдлээд байдаггүйг хүн болгон мэдэх хойно. Хийморьтой амьтан шүү гэдэг
    бахдал, хүндлэл байдгийг үгүйсгэх аргагүй. Би уг романыг орчуулахаар суухдаа
    өөрт минь дэлхийн гучин хэдэн орны орчуулагчдаас илүү хүнд үүрэг оногдож
    байгааг ухаарч байсан. Нэгд би монгол сэтгэл зүрхтэй орчуулагч хүний хувьд
    монгол чонын тухай, монгол нүүдэлчин ахуй соёлын тухай бичигдсэн уг номыг
    хэрхивч муу орчуулах эрхгүй. Нэрнээсээ эхлэн бодолцох хэрэгтэй. Дэлхийн бусад
    бүх хэлэн дээр «Чонон тотем» гэсэн маягаар орчуулсан. Харин тотемийн монгол
    үгийн оноолт юу байж болох вэ гээд чамгүй судлаж сурвалжилж таарна аа даа.
    Гэтэл тотем гэдэг үг нь «Сүлд» гэсэн утгатай индиан үг юм байна. Түүнийг 1840
    –өөд оны орчим Английн нэгэн эрдэмтэн өөрийн бүтээлдээ анх оруулснаас улбаалаад
    хожим дэлхий нийтэд тархсан үг ажээ. Харин манай монголд бол «Төрийн сүлд»,
    монгол цэргийн «Хар сүлд» гэх мэт тодорхой ухагдхуун бодитой оршсоор байгаа.
    Манай ээж социализмын хатуу бэрх он жилүүдэд орой болгон цайныхаа дээжийг
    төрийн сүлдэндээ өргөдөг. Биднийг ч гэсэн төрийн сүлдэндээ залбирч байгаарай гэж
    захидаг хүн  байсныг би орчуулж байх явцдаа байнга дурсан санаж байсан.
    Харин Г.Аким гуайн зүтгээд байгаачлан «Чоно шүтээн» гэдэг хувилбар зөв юм бол
    «Шувуун саарал», «Морин эрдэнэ», «Модон ширээ», «Чулуун сийлбэр», «Цасан
    ширхэг» гэж ярьж бичихээ болих хэрэг үү? Жавхлангийн дуулдаг «Чонон гоо» дууг
    юу гэж зарлах болж байна гээд бодууштай асуудал ундарч ирнэ.

    Д.Т; Бас чиний ярилцлагад Күнзийн хэлэх дуртай «Ном үгийг гүйцэхгүй. Үг
    утгыг гүйцэхгүй.» гэсэн санаа дурдсаныг судлаач анд чинь хаанаас ийм үг гараад
    ирэв гэж гайхсан байсан санагдана?

    Д.Б; Күнз үнэхээр тэгж хэлсэн л юм байх даа гэсэн өнгө аяс
    цухалзуулсан байна лээ. Миний санаж байгаачлан судлаач анд маань Күнзийн
    «Шүүмжлэл өгүүлэл», «Их суртахуй» хоёрыг хөрвүүлсэн. Мэдээжийн хэрэг Күнзийн
    хэлж ярьж байсан бүхэн тэр хоёр номоор хязгаарлагдахгүй шүү дээ. Миний хувьд ч
    гэсэн Күнзийн бүтээлийг уншиж судласан маань судлаач андаас илүү биш юм гэхэд
    учиргүй дутахгүй болов уу гэж бодож байна. Дээр хэлсэн үг «Зурхайт номонд»
    байдгийг Күнз Богд шавь нартаа байнга айлддаг байсан гэдэг. Энд сонирхуулж
    хэлэхэд Күнз бага залуугаасаа өөрт байсан «Зурхайт номыг» дөрвөн удаа үхрийн
    ширээр хавтаслаж үдээд уншиж судлаж байсан домог бий. Тэр үеийн ном модон
    савхыг хэлхин хуудас болгоод үхрийн ширээр хавтасладаг байсан гээд бодохоор хэр
    зэрэг их тэвчээр гарган суралцаж байсан нь ойлгогдоно. Үүнтэй холбоо бүхий
    зарим зүйлийг ярилцлагын завсар чөлөөгөөр хөндөн ярилцвал ямар вэ? 

    Д.Т: Тэгье ээ. Манайхан хятадад учиргүй дургүй улс байх юм. Тэгсэн атлаа
    толгойтой болгон шахам хятад хувцас хунар өмсөөд эд барааг нь хэрэглээд байгаа
    шүү дээ. Өөрөө хятад судлаачийн хувьд энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ? 

    Д.Б: Намайг Тайбэй хотод явж байхад таксины жолооч нар цонхон
    дээрээ «Солонгос хүнд үйлчлэхгүй шүү!» гэсэн бичиг хадаастай явж байхыг харсан.
    Солонгосууд нь япончуудад дургүй байдаг нь нууц биш. Хятад, Япончууд бие биесээ
    үзэн ядаад нэг хэсэг бараг л дайтангаа алдлаа. Бас Сиэтл хотод очоод байхад
    тэндхийн иргэд Канадууддаа төдийлөн таатай биш шиг. Канадчууд нь ч гэсэн америкууддаа
    жаахан ёозгүй ханддаг байдал ажиглагдаж байсан. Норвеги хүнээс дэлхий дээр
    хамгийн тэнэг хүмүүс хаана амьдардаг вэ гэвэл Данид гэж бодож санахын завдалгүй
    хариулна гэсэн онигоо байдаг шүү дээ. Энэ мэтчилэн тоочоод байвал зөндөө олон
    жишээ бий л дээ. Ер нь хоноц хоноцдоо дургүй хонуулсан эзэн хоёуланд нь дургүй
    гэдэгчлэн хөрш зэргэлдээ оршин амьдарч байгаа үндэстэнгүүд бие биеээ өөнтөглөн
    үзэх явдал түгээмэл байдаг бололтой.

    Д.Т; Гол нь Хятадын эрлийз гэдэг нэр хоч л улс төрийн тоглоом бие биенээ доош
    хийх арга болчихоод байгааг л асуух гэсэн юм л даа?
    Д.Б;
     Харин тиймээ .Гол нь түүнийг төрийн түшээд, улс төрчид учиргүй
    хөөргөдөн дэвэргэж улс төрийн тамга хөзрөө болгох гэвэл зохисгүй хэрэг. Манай
    зарим хүмүүс хятадуудад яагаад дургүй байдгийнхаа учрыг өөрөө ч бараг хэлж
    мэдэхгүй болов уу? Өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны үзэл суртлын хатуу ширүүн
    тэмцэл л тэдний тархи толгойд хятадын эсрэг үзлийг бат бөх шингээж өгсөнтэй
    холбоотой байж мэдэх юм. Нөгөө талаар ерээд оны эхээр манайхан толгойтой бүхэн
    л ганзагын наймаанд явж хуурамч бараа, зальхай наймаачинд хулхидуулсны улбаа
    яваад байж бас мэднэ. Хятадууд өөрсдөө наймаачдаа өөдгүй зальхай амьтас гэж ад
    шоо үзэх хандлагатай байдаг юм шүү дээ. Тийм болохоор цөөн тооны зальхай
    наймаачдын балгийг бүхэл бүтэн үндэстэнд нялзаах хаашаа ч юм. Түүхийн сурах
    бичиг дээрээ манай уламжлалт түүхийг гуйвуулсан, сүлжээгээр цөөн тооны хүмүүс
    манай тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн хандлагатай зүйл бичих
    явдал мэр сэр бий. Тэр бол өөр асуудал. Ерөнхийдөө бол нийт хятад хүмүүс манай
    монголчуудыг тэгтлээ үзэн ядаад байдаггүй. Харин Шанхай, Шэньжэнь зэрэг цөөн
    хотуудад «Монгол хүн нохой хоёр орохыг хориглоно» гэсэн бичиг хадаастай байна
    гээд сүлжээгээр шуугиад байсан үзэгдэл бусад хот, мужууддаа газар аваад эхлэвэл
    тоглоом маань шоглоом болно. Ер нь энэ асуудал дээр бид жаахан хамжааргатай
    байх нь зүйтэй гэж боддог.

    Д.Т: Англи хэлний Алтангэрэл, Герман хэлний Тува Галсан, хятад хэлний
    Доржсүрэнгийн Болдбаатар гурав МУИС-ийн гадаад хэлний тэнхимээс хөөгдөж байсан
    гэдэг үг чих дэлсэж байсан л даа. Би саяхан Чинагийн Галсан гуайгаас ярилцлага
    авах үедээ энэ төрд жаахан гомдонгуй явдаг юм уу даа гэсэн байдал ажигласан.
    Чамд тиймэрхүү эмзэглэл төрөх үе байдаг уу? 

    Д.Б: Тэр ярилцлагыг би уншсан. Их сонирхолтой санагдсан шүү. Би
    хэрэг болгоод интернэт дээр тэр хүний тухай хайгаад үзсэн чинь Герман хэл дээр
    бичигдсэн маш олон ном нь гадаадын зах зээл дээр зарагддаг юм байна лээ. Манай
    төр засаг хөлстэй бөхчүүд, хөлөг морьдын уяачдад шан харамжаа хайрладаггүй хэр
    нь оюуны хүнд хөдөлмөрийг эрхлэж байгаа уран бүтээлч нартаа гар татуухан
    хандаад байдаг нь нууц биш ээ. Би хэрвээ андуураагүй бол бараг саяхан шахам л
    Галсан гуайд соёлын гавьяат зүтгэлтэн цол өгсөн санагдана.

    Д.Т; Үгүй юм билээ. Н.Энхбаяр нилээд дээр өгсөн юм билээ. Харин түүнээс хойш
    манай төр засаг огт тоодоггүй юм билээ. Уг нь нилээд юм ярисан юм. Сүүлд нь
    эргүүлээд үзүүлтэл хасчих Төрөө минь өөртөө гал дуудаад яахав гэхээр нь
    хасчихсан юм.Бас гадагшаа явах гээд яаруу үед очиж ярисан болоод тийм ч өөдтэй
    болоогүй байх.

    Д.Б; Миний хувьд үзэгч, уншигч өргөн олныхоо хайр хүндлэлийг
    хүлээж, түүнийг дааж явахаас илүүтэй эрхэм нандин зүйл үгүй гэсэн итгэл
    үнэмшилтэй явдаг хүн. Харин төр засгаас өчүүхэн эрдэм чадлыг минь ойшоож үзээд
    хоёр Сымагийн «Түүхэн шастир», «Засагт туслах нэвтэрхий толь» нэрт эртний
    хятадын хоёр том түүхэн сурвалжийг орчуулах ажилд зараасай гээд хөрөнгө
    мөнгөний хувьд тусладаг болоосой гэж бодогдох үе бий. Хоёр Сыма гэдгийн нэг нь
    Хань улсын нэрт түүхч, хятадын түүх бичлэгийн эцэг гэгддэг тайган түшмэл Сыма
    Цянь, нөгөө нь Сүн улсын чансан Сыма Гуан нар юм. «Түүхэн шастирт» Хүннү гүрэн
    болоод түүнээс өмнөх гурван мянган жилд амьдарч байсан манай өвөг дээдсийн түүх
    оог цоог тэмдэглэгдэн үлдсэн байдгаараа сонин. Харин «Засагт туслах нэвтэрхий
    толь» түүхэн сурвалжид мөн л монгол угсаатны түүхэнд холбогдох мянга гаруй
    жилийн үйл явдлыг олон арваар нь бичиглэн үлдээсэн байдаг. Тэр хоёрыг
    гаргачихвал монголын түүхийн ерөнхий төлөв төрх үнэн мөнөөрөө тодрон гараад
    ирчихнэ дээ. 

    Д.Т: Хэний анайгүй л хийх гэж байгаа ажилд минь л хөрөнгө мөнгөөр туславал
    тэр гавъяа шагнал ч яамай л гэж боддог. Кино хийчих гээд мөнгө хайгаад 15 жил
    болж байна. За тэр яахав.Чи дээхнэ «Орчлон гэгч томдоо гадаргүй, багадаа
    доторгүй» гэж ярих дуртай байж билээ. Бодвол нөгөө хятадын гүн ухаан байлгүй
    дээ. Би ч энэ үгийг өөрийнхөө бичсэн зүйлд ишлэж байсан санагдана. Чи сүүлийн
    үед түүхэн сурвалж түлхүү уншаад байгаа чинь ярианы явцад ойлгогдож байна.
    Түүхээс гадна гүн ухааны сэдэвтэй зүйл хэр зэрэг үзэж судлаж байна вэ? 

    Д.Б: Тийм ээ. Дээр өгүүлсэн ишлэл бол Лаозыгийн «Даодө» судрын
    дотор байдаг. Орчлон хязгааргүй тэлэн үргэлжилдэг гэдгийг хүн бүхэн ойлгодог.
    Гэхдээ л ухаан санаанд нэг багтаж өгдөггүй. Түүнчлэн бас дотогшоогоо хязгааргүй
    юм гэсэн санааг дээрх ишлэл хэлээд байгаа хэрэг. Энэ хоёр гадагш дотогш
    чиглэсэн хоёр хязгааргүйн торгон уулзвар дээр л бид хүмүүн заяаг олж төрсөн
    байдаг ажээ гээд бодохоор сонин. Ер нь Лаозыг уншиж байхад Гегелийн диалектик
    өөрийн эрхгүй санагдаад байдаг. Гегель гэснээс тэр аугаа хүн манай монголын тухай
    их судалгаатай, сайн сайхнаар дүгнэсэн зүйл цөөнгүй байдаг юм байна лээ.
    Тухайлбал «Дэлхийн түүх Монголоос эхтэй» гэж түүний хэлсэн алдартай үгийг манай
    хүмүүс тэр болгон мэддэггүй.  

    Д.Т: Наадхи чинь сонин хэрэг байна? Яг ямар утгаар хэлсэн юм бол?  
    Д.Б: Бид нар дэлхий дахины түүх гээд үндсэндээ европын түүх, газар
    дундын тэнгисийн түүхийг л үзээд байдаг. Сайндаа л Атиллагийн Хүннү нар Дунай
    мөрний сав газрыг эзлэж байсныг цухасхан мэдээд хоцордог биз дээ? Гэтэл яг тэр
    түүхэн цаг үед Хүннүчүүд үнэндээ Баруун Зүүн ромын эзэнт гүрнийг эрхшээлдээ
    байлгаж хүнд алба гувчуураар эдийн засаг ард түмнийг нь туйлдуулсаны хүчинд
    эцэс сүүлдээ задралд автаад европын ширэнгэн ойд амьдарч байсан бүдүүлэг
    аймгууд тийшээ халдан дайрч эзлэсэн нь түүхэн үнэн юм. Хүннүчүүд иргэншлийн зам
    дээр хөөж гаргаад Англо-Саксончуудын өвөг дээдэс болох бүдүүлэг аймгууд
    Хүннүчүүдийн хүчирхэг дайралтаас айсандаа Британийн арлын зүг амь зулбан
    зугатсан тухай «Чонон сүлд» романы арын “Оюунлаг эрэлхийлэл” бөлөгт зохиолч Зян
    Рун бичсэн нь бий. Хүннүчүүдийн ачаар хүн төрөлхтөнгийн түүхэнд 1800 жилийн
    турш үргэлжилсэн мэсчин боолын тулаан гэдэг бурангуй үзэгдэл цэглэгдэж, хэдэн
    арваараа олзлогдон ирээд Коллизейн голд арслан барсад бариулан үхдэг байсан
    Христийн шашинтангууд сэхээ аван толгой өндийлгөх болсон.  Мөн тэр үед
    Сяньби угсааны овог аймгууд умард хятадыг тэр чигт нь эзлээд зогсохгүй арабын
    хойг, умард энэтхэгийг Яндачууд нэрээр хоёр зуу гаруй жил эзлэж байсан. Өөрөөр
    хэлбэл  эртний дөрвөн том соёл иргэншил монгол угсаатан нүүдэлчдийн
    эрхшээлд автаад байсан хэрэг. Гэтэл үүнийг цэгцтэй судлаад гаргаад ирсэн хүн
    алга байна гэдгийг л суут Гегель хэлсэн байж таарна. «Бид өөрсдийгөө дэлхийн
    төв мэт эндүүрээд байдаг. Үнэндээ европын түүх гэдэг бол азийн зүгээс нөмөрсөн
    аюул гамшгийг сөрөн тэмцсэн түүх юм шүү дээ» гэж Английн судлаач Макиндер гэдэг
    хүн хэлсэн нь их ортой үг юм. Хүннүчүүдийн дараа Жужан гаралтай Аваарчууд
    европыг баахан бужигнуулсан. Болгарчууд анх монгол угсаатан нүүдэлчид байснаа
    хожим Балканы хойг дээр очиж суурьшсан гэдгийг чи сонссон уу? 

    Д.Т; Огт сонсоогүй юм байна. Бас саяхан Н.Гумалёвын ном харж байгаад бараг л
    хамаг Оросын томчууд Монгол овогтойг олж мэдлээ. Бухарин, Булгаков, Мичурин,
    Шермейтев, Тургенев, Ахматов… гээд урсаж байна билээ.

    Д.Б; -Тийм билээ бараг 20 орчим овог байлуу даа. Эдгээр түүхийн
    цагаан толбыг тодруулж дэлхий дахины түүхийн судалгаанд зохих ёсны байр суурин
    дээр нь тавьж өгөх цаг болжээ. Тэгэхийн тулд мэдээжийн хэрэг монголын түүхийг
    шинэ өндөрлөгөөс, өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий, ул суурьтай судлах явдал
    чухал байна. Суут Гегель «Монголын түүх» гэдэг өргөн ойлголтдоо Хүннүгээс
    Оросын эзэнт гүрний тэлэлт хүртэлх үеийг хамруулсан байдаг. 

    Д.Т: Болгарчууд монгол гаралтай гэхээр их сонин сонсогдож байна шүү. 

    Болд: Саяхан С.Мөөмөө багшийнхаа гарын үсэг зурж дурсгасан дурсамж
    номыг уншиж байхад түүн дээр “Болгарын нэг эрдэмтэн эрт дээр үед монголчуудын
    арван хоёр жилийн ухагдхуун манай Болгарт мөн байсан юм шүү дээ хэмээн хэлж
    байсан” тухай гарч байна лээ. Эртний Ром жаал шагайгаар наадаж байгаа баримал
    байдаг. Сэргэн мандалтын үед дүрслэгдсэн Христийн нөмрөгний өргөн эмжээр дээр
    сайн ажиглавал Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хээ хуарыг дүрслэсэн зураг өнөө
    хэрд Италийн нэг жижиг хотод хадгалагдаж байгаа тухай би гадаадын сонин дээр
    уншиж байсан. Намайг бага залуу байхад хятадын хэвлэл дээр “Арван хоёр жилийн
    тухай ухагдхуун Хүннүгээс гаралтай” гээд бичдэг байсан бол одоо тэр тухай бичих
    нь бараг хориотой шахам болчихсон. Хэрвээ арван хоёр жил Хүннүгээс гаралтай гэж
    үзвэл цаг тооны бичиг ч гэсэн мөн тэдэнд хамаатай болно оо доо? Гэтэл манай
    учир мэдэхгүй хүмүүс Хятадын тоолол, Төвдийн тоолол гэж учир утгагүй
    маргалдсаар цагаан сараа ч зөв зүйтэй тэмдэглэж чадахаа байгаад удаж байна. Уг
    нь иймэрхүү түүхэн сурвалжуудыг түлхүү гаргаж тавиад байвал дээрх мэт асуудлууд
    нэг мөр болон жигдрэх боломжтой. Даанч тэгж чадахгүй байгаагийн харгайгаар тэр
    сайхан түүхэн уламжлал мартагдахад хүрэх гэмтэй юм. Хятадууд эртний Жао улсын
    үед Хүннүгээс дээл бүс, нум сум, морь унах зэрэг эрдмийг зээлдэн авсан тухай
    дээр өгүүлсэн «Түүхэн шастир» зохиолд тодорхой бичсэн байдаг. Энэ утгаар нь
    яривал дэлхийн гоёл ч хэмээн нэрлэхэд ахадахааргүй сайхан хувцас маань аргагүй
    л унаган монгол соёлын маань охь дээж болох нь ойлгогддог. 

    Д.Т: Чиний орчуулсан ном кино их анхаарал татдаг. Яг одоо ямар бүтээл хийж
    байна вэ? Би уран гэж тодотгох жоохон дургүй. 

    Д.Б: Сүүлийн үед ном, бүтээлийн ургац арвин байгаа шүү. «Чонон
    сүлд» романаас хойш түүний эсрэг бүтээл гэдэг утгаар хятад улсад нэлээд шуугиан
    тарьсан «Төвд банхар» романыг орчуулж хэвлүүллээ. Мөн афган гаралтай америкийн
    зохиолч Халед Хоссенигийн «Цаасан шувуу наадуулагч», «Мянган нарны цацраг»,
    «Уулсын цууриа» нэрт гурван романыг орчуулж уншигчдын хүртээл болгосон. Эртний
    хятадын дөрвөн сонгодог романы манлай гэгддэг «Гурван улсын үлгэр» романыг
    хөрвүүлэх гэж чамгүй хөлс хүч зарсан нь талаар болсонгүй. Хэдийгээр өндөр
    зардлаар бүтсэн ном боловч жирийн оюутан сурагчдаас авахуулаад төрийн түшээд
    хүртэл идэвхтэй уншиж байгаад хувьдаа сэтгэл их өег байгаа. Яг одоо хийж байгаа
    бүтээлийн тухайд гэвэл «Муухай хятад хүн» зохиолоо саяхан гараас гаргаад одоо
    алдаа мадгийг нь ариутган шүүж сууна даа. 

    Д.Т: Наадхи чинь их сонин содон сонсогдож байна гээч. Талийгаач С.Батмөнх
    “Муухай Монгол хүн ” гэж ном гаргаж байсан. Манайхан хятадуудад дургүй болохоор
    гүйлгээтэй байж мэднэ гэдэг бизнес санаа байхгүй биз дээ гэж бодох хүн байхыг
    үгүйсгэхгүй. 

    Д.Б: Би ашиг орлого хөөцөлдсөн бус, арай удаан жил уншигдах урт
    настай бүтээл хийхсэн гэж бодоод зүтгэж байдгийг өөрөө гадарлах байх аа. Тэгээд
    ч хятадууд өөрсдийгөө зоригтой шүүмжилдэг ард түмэн шүү дээ. Лү Сюнь бол
    хятадуудын сэтгэл зүрхэнд манай Д.Нацагдоржтой зүйрлэхүйц том зохиолч. Тэр хүн
    анх «А Кюгийн үнэн түүх» зэрэг бүтээлээрээ хятад хүний сул дорой чанарыг хайр найргүй
    шүүмжилсэн байдаг. “Би анх Чингис хааныг манай хятад хүн юм байх гэж нэлээд
    удаан төөрөгдөж явсан. Манай албан ёсны түүх бичлэг ч биднийг тэгж л
    төөрөгдүүлсээр ирсэн шүү дээ. Гэтэл хожим мэдэх нь ээ, Чингис бол харь
    үндэстний хаан, тухайн үед манай хятадууд өөрсдөө «Мөхсөн төрийн боол» төдийхөн
    амьтас байсан ажээ.” гэж Лү Сюнь зохиолч бичсэн байдаг. Харин миний саяхан
    орчуулсан энэ «Муухай хятад хүн» зохиолыг  1984 онд Тайваний зохиолч Бо Ян
    гэдэг хүн бичсэн нь хятад даяар маш их шуугиан тарьсан бүтээл байгаа юм. Миний
    ойрдоо орчуулсан «Чонон сүлд», «Төвд банхар», «Цаасан шувуу наадуулагч»,
    «Мянган нарны цацраг», «Уулсын цууриа», «Гурван улсын үлгэр» гээд бүх бүтээл
    дээр монголчууд болон Чингис хааны тухай цухас боловч дурдагдаж байгаа нь
    бахдалтай. «Муухай хятад хүн» зохиол дээр ч мөн ялгаа байхгүй. “Монгол бол их
    гайхалтай үндэстэн шүү. Хятадыг байлдан эзлэсний дараа хятадын уламжлалт соёлыг
    авахаас шийдэмгий татгалзжээ. Өөрөөр хэлбэл ерэн жилийн өмнө ямар л соёлтой
    хятад нутагт ирсэн, яг тэр байдлаа хадгалсаар ерэн жилийн дараа хятадаас гарч
    явсан байдаг.” гэж ихэд бахдангуй өнгөөр бичсэн байх буюу “Монголын эзэнт
    гүрний ноёрхогчид л манай хятадын хүн амыг дөрвөн зэрэг арван дэсэд хуваахдаа
    өмнө зүгийн хүн, янхан эм хоёрыг хамгийн адагт нь оруулж байсан түүхтэй” гэх
    мэтийн сонирхолтой мэдээллүүдийг унших боломжтой. 

    Д.Т: Ай даа чи ч сайхан Монгол хэлтэй бас худлаа цээжээ дэлдэхгүй үнэн юм
    олж хардаг хүн. Хүн амын дөрвөн зэрэг арван дэс гэдэгт юу ордог байсан юм бол?
    Монгол хүн нэгд ордог гэж соссон ташаа байж ч мэднэ?

    Д.Б: Хубилай хааны захирч байсан Тулгар төрийн үед эзэнт гүрний
    олон үндэстэнг дөрвөн зэрэгт хувааж байсны тэргүүнд мэдээжийн хэрэг Монгол хүн
    орно. Удаад нь өнгөт нүдтэн буюу Дундад ази зэрэг бусад гадаадынхан,
    гуравдугаарт Хөх мөрнөөс хойгуур нутаглах хятадууд, дөрөвдүгээрт Хөх мөрнөөс
    өмнө зүгт нутаглах хятадуудыг хамруулдаг байжээ. Харин нийт хүн амыг ажил
    мэргэжлээр нь арван дэсэд хувааж байсны эхэнд сайд, хоёрт түшмэд, гуравт Буддын
    шашны лам, дөрөвт Бомбын ёсны хувраг, тавд оточ маарамба, зургаад гар урчууд,
    долоод дээрэмчин, наймд янхан эм, есөд Күнзийн суртхаалтан, аравт гуйлгачин нар
    тус тус ордог байсныг хэлж байна. 

    Д.Т: Манай зарим судлаачид Хубилай хааныг хятадын хаан байсан мэтээр үзэн
    хажиглаж, хяхаад түүх бичлэгийн хувьд «Улс төрийн орогнол»  олгодоггүй
    шахам байдаг асуудлыг бодууштай мэт санагдлаа. Өөр сонирхолтой жишээ баримт юу
    өгүүлсэн байна вэ? 

    Д.Б: Чи бараг тэр номыг бүтнээр нь яриулчих нь ээ дээ. Удахгүй
    хэвлэгдэн гарахаар өөрт чинь нэгийг дурсгамз. Тэгэхээр өөрөө тухтай уншаарай.
    Хубилай хаан гэснээс сая хятадад «Хубилай хаан» нэртэй тавин ангит уран сайхны
    кино бүтээсэн нь маш чамбай бүтээл болсон тухай судлаач шүүмжлэгчид шуугиж
    байна. Өөрийг чинь ажилаж байхад ТВ 9-өөр  гарсан «Гаадаа мээрэн» киног
    бодвол олон хүн үзсэн байлгүй дээ. Газар нутгаа харийнханд худалдагч ноёд
    түшмэдийн өөдөөс эрслэн боссон Хорчин үндэстний бодит баатрын дүрээс сэдэвлэсэн
    кино шүү дээ. Гаадаа мээрэнд тоглодог Өвөрмонголын Баян гэдэг жүжигчин Чингис
    хааны дүрийг бүтээсэн «Бүргэд намнагч баатар» нэрт олон ангит киног манай
    оюутнууд сүүлийн үед ихэд амтархан үзээд байгаа харагдсан. Одоо ч гар утсан
    дээрээ кино татаад үздэг болчихсон. Их амар болж шүү дээ. Солонгос киноны үер
    гэж яригдаад байгаа энэ цаг үед арай сонин содон өнгө аястай тиймэрхүү
    кинонуудыг оруулж ирээд үзэгчдийн хүртээл болгох тал дээр энэ олон телевизийн
    удирдлагууд анхаармаар санагддаг.  

    Д.Т: Би өөрөө телевизийн байгууллагад насаараа шахам зүтгэсэн болохоор нэг
    зовлонтой асуудал байдаг л даа. Яг тиймэрхүү түүхэн сонирхолтой сэдэв хөндсөн
    бүтээлүүдийг хэр баргийн хүн орчуулчихдаггүй тал бий. Өөрөө ч гэсэн кино
    орчуулгаас жаахан хөндийрөөд байгаа юм биш биз гэсэн байдал ажиглагддаг. Тийм
    биш бол тэр «Хубилай хаан», «Бүргэд намнагч баатар» киногоо өөрөө орчуулж
    болдоггүй юм уу? 

    Д.Б: Би өнөө хэр кино орчуулгад дуртай хэвээрээ. Даанч олон ажилд
    баригдаад тэр болгон гар бие оролцоод байж чадахгүй юм. Сүүлийн үед «Чингис
    хаан», «Гаадаа мээрэн» зэрэг жаахан тулхтай бүтээл барьж авах бодолтой болсныг
    өөрөө анзаарсан байх. «Чонон сүлд» роман бол сая хүрэхгүй цөөн тоотой
    монголчууд дэлхийн дайдыг эзлэж байсан хүч чадлын нууц арай чоныг дээдлэн
    суралцдагт байсан юм биш биз гэсэн нэг л эрэлхийлэл төдийхөн юм. Тэрчлэн
    Гонконгийн хамгийн алдартай зохиолч Жинь Юн гэдэг хүн монголчууд зэвсгийн
    эрдмээр гаргууд байсанд л тэдний хүч чадлын нууц оршиж таарна гэдэг утгаар
    эрэлхийлэл хийгээд ушугийн 12 том туульсийн роман бичсэний дийлэнхид нь
    монголчууд, Чингис хаан, Сяньби нар хятадын зэвсгийн эрдмийн мастеруудтай
    хэрхин тулалдаж байсныг уран чадварлаг дүрслэсэн байдаг. Тэднээс сэдэвлэсэн
    олон ангит сайн кинонуудыг Хятад, Тайвань, Гонконгод олон арваар хийж байгаа нь
    Азийн телевизийн зах зээл дээр эрэлт ихтэй байна. Танай “2 р суваг” телевизийн
    удирдлага хэрвээ нааштай хүлээж авбал би хувьдаа шавь нарынхаа хамт та бүхэнтэй
    энэ тал дээр дуртайяа хамтран ажиллаж болох юм. Энэ чиглэлийн киног хоёр хоёр
    ангиар гаргаж байвал үзэгчдэд илүү сонирхолтой байж мэдмээр санагддаг. Мөн Жинь
    Юн зохиолчийн анхны роман буюу «Бүргэд намнагч баатараас» сэдэвлэсэн олон ангит
    киногоор эхлэх нь зүйтэй байх. 

    Асуулт: Бололгүй яахав. Зохиогчын эрх гэж бас нэг айхтар юм байгаа. Хоёр
    талаасаа хүч хавсраад үзэгч олондоо шинэ сайхан бэлэг барих шиг сайн хэрэг гэж
    хаана байх билээ? Одоо арай өөр сэдвээр ярилцая. Ардчилсан нам төр барьж байна.
    Тэдний явуулж байгаа бодлого үйл ажиллагаа хэр зэрэг таалагдаж байна даа? 

    Д.Б: Би чинь улс төрөөс холхон өөрийгөө хичээгээд л нам гүмхэн
    амьдралыг эрхэмлэдэг хүн. Гэхдээ нүдээ боож, чихээ бөглөчихөөгүй болохоор
    гадуур сонсогдоод байгаа давхар дээл, Тэмүүжин сайдын асуудал энэ тэр гэсэн
    хэрүүл тэмцлийн байдлыг бол гадарлаж байна. Ер нь засаг төр тогтвортой байвал
    ард түмний сэтгэл санаа ч амгалан тайван байдаг жамтай. Хааяа ажил хөөцөлдөөд
    явж байх зуур ардчилсан нам маань боломжийн чадварлаг залуу боловсон хүчний
    нөөцтэй болсон нь ажиглагддаг. Тэднийгээ зохих байр сууринд нь зоригтой тавьж
    өгөхдөө харин жаахан хойрго хандаад байх шиг. Манай салбарын сайд Гантөмөр
    намайг гурван ч удаа хүлээн авч уулзсанд харин их талархалтай байгаа шүү.
    Чамайг ч бас УИХ дарга хүлээж авч уулзсаныг хараад баярлаж суулаа. Боловсрол
    гэдэг өөрөө асар том салбар болохоор  түүнд олон жилийн бугшсан асуудлууд
    хуримтлагдсан байдгийг би өөрөө тогоонд нь чанагдаж байгаа хүний хувьд андахгүй
    ээ. Сайд маань харин тэдгээр асуудлыг оновчтой олж хараад салбарынхаа хүлээн
    зөвшөөрөгдсөн мэргэжилтэн нарын тусламжтай шийдвэрлэх арга замыг тогтоогоод
    ажиллаж байгаа юм уу даа гэсэн өөдрөг бодол уулзаад ярилцаж байхад төрж байсан.
    Бусад салбарын сайд дарга нар ч гэсэн бүхнийг мэдэгч чадагчийн дүрд тоглох
    гэхгүй салбар салбарынхаа сайн мэргэжилтэнгүүдтэй ярьж зөвлөөд тулгарсан
    асуудлаа дор бүр нь шийдээд байвал монгол улс маань дорхноо сэгхийгээд босоод
    ирмээр санагддаг. Багад багын давуу тал бий. Томд томын бэрхшээл байдаг гэсэн
    хятадын зүйр үг байдгийг ч бодууштай. 

    Д.Т: Хүн гэдэг их сонин. Өнгөрсөн цагаа дандаа сайхан гэж бодох юм. Үнэндээ
    социализмын үед бүгдээрээ шахам л шоронд байгаагаас өөрцгүй байсан шүү дээ.
    Гэтэл зарим хүмүүс яахаараа тэр үеийг үгүйлэн санаад байдаг юм бол?

    Д.Б: «Муухай хятад хүн» зохиол дээр хятадууд өнгөрснөөрөө амьдардаг
    үндэстэн болохоор тэр байдлаа засахгүй бол Индианчууд шиг гашуун хувь тавилан
    хүлээж мэдэх юм шүү гэсэн санааг хэлсэн байна лээ. Зян Рун зохиолч ч гэсэн
    манай хятадууд хонин сэтгэлгээнээсээ салахгүй бол ямар ч ирээдүйгүй санагддаг
    хэмээн халаглан бичсэнийг манайхан уншсан шүү дээ. Манайд өнөө хэр хэлхгэр дээл
    өмсөж, үсээ урт ургуулсан төдийхнөөр өөрийгөө Чингис хаан болчихсон юм шиг
    төсөөлдөг хүн цөөнгүй тааралддаг. Үнэндээ Чингис хааны үед сайн сайхан байсан.
    Тэр үед төрсөн болоосой гэж халаглахаасаа илүүтэй шинэ цаг үед Чингисийн
    монголчуудын суу ухааны учгийг тайлан ашиглаж болохгүй юу гэдгийг л хүн болгон
    бодууштай санагддаг. Социализмын үедээ байсан бол манай хоёр авгай ижилхэн өнгийн,
    нэг хэв загварын яг ижил 120 төгрөгний үнэтэй орос гутал өмсчихсөн. Бид хоёр
    гэж каракуль захтай пальто, саарал каракуль малгай өмсчихөөд гудамжинд нам
    төрийн зөв мэргэн бодлого шийдвэрээ магтаад зогсож байх байсан болов уу гээд
    яривал одоогийн залуучууд итгэхгүй байх аа. Би л хувьдаа оюутнууддаа өөрийгөө
    ол, өнөөдрөөрөө амьдар гэж сургах дуртай. 

    Д.Т: Чи бид хоёр хоёулаа радио телевизийн бүтээгдхүүн. Өнөөдрийн радио
    телевизүүд ямархуу санагдах юм бэ? 

    Д.Б: Ер нь бидний үед хамгийн оюунлаг хүмүүс радио телевизэд
    ажиллаж байсан санагддаг. Наполеоны байгуулсан Францын элит сургууль арван хоёр
    Нобелийн шагналтанг төрүүлэн гаргасан гэдэг.  Гэвч тэр сургуулийн
    төгсөгчдийн дийлэнх нь багш, сэтгүүлчээр ажилладаг гэхээр сонин байна уу?
    Хөгжингүй нийгэмд бол багш сэтгүүлчдийг үнэхээр Нобелийн шагналтангийн хэмжээнд
    бэлдэхэд анхаардаг гэдгийг дээрх жишээ хэлээд байгаа хэрэг. Тэр хэрээрээ нийгэм
    дэхь үнэлэмж, цалин хангамж нь ч асар өндөр байж таарна аа даа. Нөгөө талаар
    энэ хоёр мэргэжил бол нийгмийн сэтгэлзүйн инженерүүд байх учиртай гэдгийг
    давхар бодолцдог нь харагдаж байна. Тийм болохоор радио телевиз гэлтгүй сонин
    сэтгүүлийн газар ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагчид бүгдээрээ өөр өөрсдийн
    энэхүү нийгмийн өндөр хариуцлагыг сайтар ухааран ойлгож байх учиртай юм. 

    Д.Т: Багш гэснээс танай сургууль ямархуу хүмүүс бэлдээд байна вэ? Олон сайн
    шавьтай болж байна уу? 

    Д.Б: Би 1200 гаруй анги кино орчуулаад, 22 ном бүтээл гаргасан нь
    угтаа бол чамлахаар үзүүлэлт биш ээ. Гэхдээ би хэдэн зуугаар тоологдох гайгүй
    шавийг өөрийн сургуулиар бэлтгэн гаргаад тэд маань бүгд ажил амьдрал нь өөдрөг
    сайхан байгааг харж явах л миний хамгийн том бүтээл юм болов уу гэж бодох үе
    бий. Арван жил төгсөөд ирж байгаа хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэх хэл
    ярианы чадвар тааруухан байдаг нь нууц биш. Дээр нь зөв бичдэг, гоё бичдэг хүн
    гэж өдрийн од шиг ховор болчихлоо. Компьютер гэж сайхан юм гарч ирсэний харгай
    ч байж мэднэ.

    Д.Т; За да энэ тал дээр би ч бас их дулимаг. Голдуу ярьдаг ажил насаараа
    хийсэнтэй ч холбоотой байх. Одооноос илүү бичдэг болоод жоол анхаарч эхэлсэн.

    Д.Б; Би сүүлийн хорь илүү жил компьютер нүдсээр өөрөө ч хүн
    шүүмжлээд байлтгүй бичгийн хэв гэж авах юмгүй болсон. Миний хувьд шинэ
    элсэгчдэдээ хандан “Орчлон хорвоод хүн болж төрөх шиг сайхан аз завшаан хаана
    байх билээ? Та бүхэнд хүмүүн заяанаас гадна залуу нас, билиг оюун гэж өөр хоёр
    нандин эрдэнэ байгаа. Би байтугай Билл Гейтс ч бүх хөрөнгөө өгөөд та бүхний
    залуу зандан насыг худалдаад авч чадахгүй. Энэ утгаар яривал та бүхэн харин
    орчлон хорвоогийн жинхэнэ том баячууд юм шүү дээ. Тийм болохоор өөрт оногдсон
    энэ нандин эрдэнэсийн үр шимийг сайтар хүртэх хэрэгтэй” гээд ярихаар тэдний
    сэтгэл ихэд догдлож байгаа шинж илт харагддаг. Хүний оюун ухааны хүчин чадлыг
    зуун хувь гэж үзэх юм бол орчин үед зурагт, радио, интернэт, фэйсбүүк, цахим
    тоглоом, твиттер, хөгжим, диско, баар цэнгээн, шоу. . .  . . .гээд
    залуусын санаа бодлыг сатааруулах үй олон зүйл гараад ирчихлээ. Түүнээс
    улбаалаад оюуны хүчин чадал 20-30 хувь хүртлээ буурдаг гэсэн тооцоо бас бий.
    Тэрэн дээр л багш нар сургалтын төлөвлөгөөний дагуу заах хэрэгтэй болдог.
    Тэгээд яаж заадаг билээ гэдгийг өөрөө надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

    Д.Т; Уйтгартай, удаан, хэрэгтэй хэрэггүй агуулгаар дүүрсэн, албадмал, тэр бүхний
    эцэст үр дүн муутай сургалт явагдаад байдаг. Бас нэг зүйл бий. Юу хийж байна
    гээд удаан таараагүй найзаасаа асуухад багш гэвэл би л хувьдаа за хөөрхий энэ
    хүн дуусах тийшээ ханджээ л гэж бодох нь элбэг байдаг?

    Д.Б; – Ха ха чи намайг бас тэгж бодож байгаа юм биш биз дээ.
    Харамсалтай нь тийм юм элбэг. Гэтэл орчин үед түүний эсрэг сонирхолтой, хурдан,
    өгөөжтэй, зугаатай сургалтын аргыг хөгжингүй улс орнуудад хэрэглэдэг болжээ.
    Дээр дурдсан францын элит сургуульд оюутнууд нь орой багштайгаа вино уунгаа үзэх
    хичээлийнхээ тухай хүүрнэлддэг гэж байгаа. Би зөвхөн хятад хэл гэлтгүй
    оюутнууддаа иймэрхүү зүйлийг сайн ярьж өгдөг болохоор хичээл хоёр талаасаа
    сонирхолтой өрнөх боломжтой болдог. Би сая шинэ залуу багш нарт лекц унших гээд
    олон сургуулиар явлаа. Манайд америк, англи, герман, орос, хятад, солонгос,
    япон, түрк, энэтхэг. . .  . . .гээд бусад улс үндэстний байхгүй сургууль
    гэж бараг алга аа. Харин нэг л юм дутагдаад байгаа нь «Жинхэнэ монгол» аргаараа
    жинхэнэ монгол хүнээ бэлддэг сургууль л алга. Муу хөгшин чинь тийм монгол
    сургуулиа байгуулах гээд л ёстой морь нохой мэт зүтгэж байна даа.
      
    Д.Т: Мөнх бус гэдэг ойлголт бүх юм байх байхгүйн завсарт байдаг тухай л юм
    шиг. Гэхдээ бид огт өөрчлөгдөхгүй хорвоогийн талд хүрчихээд байгаа мэт санагдах
    үе байдаг. Баяжих томрох тухай ч бодохоо больж. Чи хэр зэрэг өөрчлөгдөж байна
    даа? 

    Д.Б: Энерги хадгалагдан хувирах хуулийн дагуу ярих юм бол бас л нэг
    энергийн төрөл болсон биднийг эрхшээж байгаа оюун ухаан устахгүй ашид мөнх байж
    л таараа. Харин энэ насанд хийсэн үйлийн үрийн дагуу хойт насандаа ямар төрлийг
    олж төрөх вэ гэдэг тэнгэрийн бошгыг ухаарах насандаа хүрсэн чи бидний хувьд
    бодож явууштай асуудал байж таарна. Энэ утгаараа болж өгвөл өөрт болоод бусдад
    тустай байхсан. Учиргүй тус болж чаддаггүй юм гэхэд гэм хор болчихгүй юмсан гэж
    бодох болсон нь бидний насныхны онцлог болов уу? 

    Д.Т: Чи хятадтай их холбоотой хүн. Энэ орон задарвал бид яана аа гэж бодох
    үе байдаг уу? 

    Д.Б: Манай сонин сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад хөгжөөд
    байна гэж бичиж мэдээлээд байдаг. Үнэндээ хятадад асар том асуудал зөндөө бий
    шүү дээ. Эрэмдэг зэрэмдэг хүмүүс гэхэд л жар далан саяар яригдана. Агаарын
    бохирдол, хөрс усны бохирдол, өндөр настай хүн амын тоо олширч байна гээд ярих
    юм бол дуусашгүй урт юм болно. Америкууд бүр 1994 онд хятадын хүн амын
    тэсрэлтийн уршгаар одоогийн байдал үүснэ. Тэр үед хүнсний хомсдол үүснэ гэдгийг
    хүртэл тооцоолоод Аргентин, Бразил зэрэг газарт тариалангийн талбай худалдан
    авч байсан юм. 20 жилйн өмнөхийг урьдчилан харна гэдэг мөн айхтар байгаа юм
    шүү. Одоо хятадууд дээрх хоёр орноос жилдээ бараг зуун тэрбумаар яригдах
    хүнсний зүйл, үр тариа худалдан авч байгаагийн цаана америкууд байгаа ч юм бил
    үү хэн мэдэхэв. Хятадын агаарын бохирдол айхтар хэмжээнд хүрснийг манайхан
    андахгүй мэдэж байгаа. Агаарын бохирдол дүүрсэн хэрэг гэж бодож болдоггүй юм
    байна. Учир нь бороо цас орох тоолонд тэр нь доошоо буугаад хөрс усны бохирдол
    үүсгэдэг. Тийм хөрсөнд тарьсан жимс ногоо ямар олигтой байх билээ? “Өмнө зүгийн
    нутагт тариалсан тутраганд хар тугалганы хольц илэрлээ.”, “Хүүхдийн сүүн тэжээл
    хэрэглэсэн хүүхдүүдийн толгой занхайгаад байна.” гээд л хятадын хэвлэлээр
    зөндөө шуугиж л байдаг. Манайд ч гэсэн тэр талын сэрэмжлүүлэх мэдээлэл байнга
    гаргаж баймаар юм шиг. Миний хувьд сүүлийн үед хятадын байдлаас илүүтэй
    монголын асуудлаа л түлхүү бодож зовниж суух юм даа. «Чонон сүлд», «Гурван
    улсын үлгэр», «Муухай хятад хүн» зохиолуудыг сонгон орчуулаад байгаа нь
    монголчуудыгаа хийрхүү зангаа орхиж жаахан тулхтай бодож сэтгээсэй гэсэн санаа
    сэдлээс үүдэлтэй. Хятад орон задарвал аль ч талаас нь бодсон манайд халтай байж
    мэдэх юм. Гэхдээ «Гурван улсын үлгэр» романы эхэнд “Дэлхий дахины байдал салаад
    удвал эрхгүй нийлмүй. Нийлээд удвал эрхгүй салмой.” хэмээн бичсэн 
    байдгийг санаандаа бодож л байх хэрэгтэй.

    Д.Т: Тэгвэл Монголынхоо ирээдүйг хэр зэрэг өөдрөгөөр харж байна вэ? 
    Д.Б: «Гурван улсын үлгэр», «Сүньзийн цэргийн ном» зэрэг
    гайхамшигтай оюуны бүтээлийг туурвиж, Күнз, Лаозы, Жан Зы Я, Жүгө Лян зэрэг
    Богд мэргэдийг төрүүлэн гаргасан хятад хэмээх том үндэстэнг олон үеийн турш
    эрхшээн захирч чадаад байсан «Монгол ухаан» гэгч чухам ямар ухагдхуун байсныг
    судлаж тогтоож чадвал улс орноо засаж залахад бэрхгүй байж таарна. Хүннүгийн
    үед ердөө дээд тал нь арван хоригдолтой хамгийн урт хорих ял арван хоног л
    байсан гэдэг.

    Д.Т; – Гэтэл одоо арван мянга дөхсөн хоригдолтой болчихоод байгаа өнөө үеийг
    бодохоор хөгжсөн гэх үү? 

    Д.Б; -Харин ч бүр эсрэгээрээ ухарсан хэрэг үү гэдгийг бодууштай.
    Монголчууд маань эртнээс нааш нугарахаас бус хугарч үзээгүй тэнгэрлиг заяатай
    ард түмэн болохоор тун удахгүй өөдлөн дэвжинэ гэдэгт эргэлзэх хэрэг юусан
    билээ. 

    Д.Т; За найз минь ингээд дуусгая. Хязгааргүй урт яриад л суумаар байлаа. Яг
    үнэнийг хэлхэд найзтайгаа ингэж сайхан тайван ярилцаж суулгүй удаж. Нэг л их
    яаруу сандруу улс байх юм. Залхууралгүй унших нэг нь л уншина байх. Баяраллаа.

    Д.Т; Чамд ч гэсэн баяраллаа. Нээрээ сайхан яриад л суумаар байна
    шүү.

    http://turmunkh.niitlelch.mn/

     

  • “БИТЛЗ”-ИЙН ТАЛБАЙД 05 САРЫН 29, 30-НД НОМЫН БАЯР БОЛНО

    “Номын соёлт ертөнц” төрийн
    бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр”-ын
    арга хэмжээ энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улсын их дэлгүүрийн урд байрлах
    “Битлиз” хамтлагийн хөшөөний өмнө зохион байгуулагдахаар болжээ. 

    15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн үеэр
    уламжлал ёсоороо шинэ, хуучин номын үзэсгэлэн худалдаа, зохиогчидтой уулзах,
    хүүхдүүдэд зориулсан номын бэлэг, урлагийн тоглолт, , номын солилцоо зэрэг үйл
    ажиллагаа болох аж. Түүнчлэн номын баярт хүрэлцэн ирсэн хүн бүр өөрийн хүссэн
    номоо хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна.

  • ​МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ЗУРАГ СУДЛАЛЫН НЭГЭН ШИНЭХЭН БҮТЭЭЛ

    Монгол Улсын түүх соёлын
    хосгүй дурсгалын нэг нь Монголын газрын зураг билээ. Юань Улсын үеийн дэлхийн
    газрын зургаас эхлээд 1733 оны Галданцэрэн хааны өөрөө зурсан Зүүн гар хаант
    улсын зураг хүртэлх ховор нандин зургуудыг гадаад дотоодын эрдэмтэд гайгүй сайн
    судалж, олны хүртээл болгожээ. Японы Токио Гадаад Судлалын Их Сургуулийн
    профессор Хироши Фүтаки, болон судлаач Камимура нар 2005-2011 онд Японы Тоёота
    сан болон Японы Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас баталсан төслийн дэмжлэгээр
    Монголын түүхэн хуучин газрын зураг төсөл хэрэгжүүлж Монголд болон Япон зэрэг
    оронд байгаа олон арван зургийн нутгийн цэсийг хийж гэрэл зургийн хэлбэрээр
    оруулж уг хэрэглэгдэхүүнийг  судалсан
    эрдэм шинжилгээний өгүүлэлүүд хэвлүүлсэн байна. Энэ хоёр төслийн хүрээнд 2011
    онд Улаанбаатар хотноо “International workshop: Tradition of Manuscript Maps in
    Mongolia under Qing Rule and the Bogd Khaan – Cartography and Onomatics” хэмээх
    олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан билээ. Саяхан энэ хуралд
    тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн “Монгол орны газрын зураг болон газар нутгийн
    нэрийн судалгааны асуудлууд” номыг МУИС-ийн “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас
    эрхлэн гаргалаа. Уг номд, профессор Э.Равданы “Эртний болон дундад эртний үеийн
    Монгол гүрний нутаг дэвсгэр, газар зүйн биетүүдийн нэр, дэлхийн болон бүс
    нутгийн газрын зурагт туссан тоймоос”, профессор Х.Фүтакийн “Японы судлаач
    цэргийн хүний үлдээсэн ХХ зууны эхний Ар монголын зүүн хэсгийн газарзүйн тухай
    мэдээлэл”,  судлаач Камимура Акирагийн
    “Монголын хошуу нутгийн зургийн зураг зүйн хувьсал ба Чин Улсын Монгол
    захиргаа”, М.Саандарын “Монголын түүхийн болон орчин үеийн газрын зургийг
    харьцуулсан судалгаан зари үр дүнгээс” зэрэг арав гаруй сонирхолтой судалгааны өгүүллүүд
    нийтлэгджээ.

                                                                                                                                                                                      Б.Ирээдүй

  • ​“ИХ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

     

    МУИС-ийн “МУИС
    Пресс Хэвлэлийн Газар”-аас санаачлан 2013 оны 12 дугаар сарын 14-нд
    “ИХ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ” эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг амжилттай
    зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг
    нээж МУИС-ийн Тэргүүн дэд захирал, д-р Б.Очирхуяг яагаад сурах бичгийн
    асуудлаар тухайлан ярилцах болсон, мөн хэлэлцүүлэгийн зорилго чиглэл,
    хэлэлцүүлэгээс цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж гаргах тухай үг хэлэв.

    Хэлэлцүүлэгт ГХСС,
    ХС, НШУС, ФЭС, ЭЗС, ОУХС, ХХИС, ГГС зэрэг нийт есөн салбар сургуулийн эрдэмтэн
    багш нар салбар бүрийн онцлогийг танилцуулсан илтгэл танилцуулга хийж их
    сургуулийн  салбар бүрийн сурах
    бичиг  ямар уламжлалаар явж ирсэн,
    өнөөгийн байдал ямархуу байгаа, сурах бичгийн агуулга, гүн ухаан, уялдаа
    холбоо, стандарт, нэр томьёо, үг хэллэг, одоогийн интернет орчин дах сурах
    бичиг ямар байх, цаашид ямар  хэрэгцээ
    шаардлага тулгарч, ямар бэрхшээл зовлон тохиолдож байгаа зэрэг өргөн хүрээтэй
    асуудлыг ний нуугүй ярилцсан бөгөөд МУИС-ийн номын сангийн эрхлэгч Саранцэцэг,
    ном бүрдүүлэгч нар оролцож мөн их сургуулийн номын сангийн стандарт онцлог, ном
    сурах бичгийг хэрхэн бүрдүүлэх талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ.

    Мөн энэ үеэр
    Газарзүй, Геологийн Сургуулийн багш д-р Орхонсэлэнгэ МУИС Пресс Хэвлэлийн
    Газартай хамтран дэлхийд алдартай Английн Кембриж Университи Пресс хэвлэлийн
    газраас олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий их сургуулийн сурах бичиг сонгож
    орчуулж байгаа тухай жишээ баримтыг үзүүлж, ийм жишгээр дэлхийн их сургуулийн
    сурах бичиг рүү орж, орчуулж их сургуулийн сургалтад хэрэглэж болох боломжтой
    болохыг харууллаа.

    Суурь шинжлэх
    ухааны гол чиглэлээр салбар сургуулиуд үндэсний болон орчуулгын сурах бичигтэй
    байх хэрэгтэй бөгөөд сурах бичиг  нэгдсэн
    нэр томъёотой, агуулга стандарттай болох зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг
    сургууль бүр онцолж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

    Цаашлаад,
    сурах бичгийн нэгдсэн бодлогогүй, борлуулалтын нэгдсэн менежментгүй, сурах
    бичиг, гарын авлага бичээд кредит цагт тооцогддоггүй, зохиогчид урамшуулал
    олгодоггүй,  гадны сурах бичгийн
    орчуулгын эрхийг хувь хүнд өгдөггүй, орчуулгын эрх авахдаа төлбөр төлдөг,
    салбар салбарын сурах бичгийг хянах мэргэжлийн баг байдаггүй, сурах бичиг бүрт
    нэр томъёо өөр өөрөөр бичигдсэн байдаг, шинээр сурах бичиг бичихэд мэдээлэл
    авахад ямар нэгэн сургалт байдаггүй зэрэг маш өргөн хүрээтэй олон асуудлыг
    ярилцаж  зөвлөмж гаргах боллоо.

    Мөн “МУИС-ийн Хэвлэлийн
    газар”-ыг хөл дээрээ босоход нь их сургуулиас дэмжих туслах, мэргэжлийн
    редактор, тусгай дизайнеруудтай болох ялангуяа сурах бичиг, монгол хэл, гадаад
    хэл, мэргэжлийн нэр томъёоны  баг гаргаж
    жигдлэх тогтоох, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулж сурах бичиг зохиогчдыг
    мэдээллээр хангах, орчуулгын сурах бичгийн орчуулах зардлыг шийдвэрлэх, номын
    сангийн номын фондод сурах бичгийг суралцагчдад хүрэлцэхүйц хэмжээгээр авч байх
    зэрэг асуудлыг шийдвэрлэж ажиллахыг санал болголоо.

    Т.Ууганбаяр